АТГ-аас Н.Батбаяр нарын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

Өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарын хүмүүсийн АТГ-аас байцааж байгаад цагдан хорих шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэрийн дагуу оройн 20 цагийн орчим Н.Батбаярыг цагдан хорих прокурорын шийдвэр гарч, түүнийг АТГ-аас шууд цагдан хорих 461 дүгээр анги руу явч явсан юм.Мөн энэ өдөр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатарыг байцааж цагдан хорьсон аж. Тэднийг Хөгжлийн банк болон бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалтын ажилтай холбогдуулан АТГ-аас шалгаж буй юм. Харин өнөөдөр АТГ-аас ямар ч мэдээлэл өгөхгүй хэвлэл хариуцсан ажилтан утсаа авахгүй байгаа учраас хэвлэлийн төлөөлөл очиж мэдээлэл авсан юм.

Энэ үеэр АТГ-ын комиссар Д.Бат-Оргил хэвлэлийнхэнд товч мэдээлэл өглөө.

-Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн ямар зүйл ангийн дагуу цагдан хорьсон бэ?

-Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан зарим нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Тухайн үеийн удирдлагууд болон хувийн аж ахуй нэгжүүдийг нэг бүрчлэн шалгаж мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хүрээнд сэжигтнээр холбогдох хүмүүсийг саатуулсан байгаа. Одоогийн байдлаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна. Цаашид шалгалтын ажиллагаа үргэлжлээд явна.

-Ямар үндэслэл зүйл ангийн дагуу хорьсон юм бэ?

-Цагдан хорьсон тухай зүйл ангийг нь хэлэх боломжгүй байна.

-Сүүлд бас батлан хамгаалахын албан тушаалтан авлига авсан талаар мэдээлэл гарлаа. Танайхаас яагаад мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ?

-Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой мэдээлэл гаргах хуулийн хориг заалт байдаг. Энэ хүрээнд манай байгууллагын зүгээс мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Нээлттэй мэдээллийг бид сайтдаа ил тод түгээдэг байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ