Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна

Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн арга хэмжээний нээлт энэ сарын 10-нд болж гэрэл зургийн үзэсгэлэнг Гадаад харилцааны яаманд зохион байгуулж, баярын захидал солилцсон юм.

Тус улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд манай Засгийн газар өмнөх ойн арга хэмжээнүүдийн жишгээр чухал ач холбогдол өгч, жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэх аж. Энэ хүрээнд ойн арга хэмжээг зохион байгуулах хороог Засгийн газрын 184 дүгээр тогтоолоор Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгуулж, арга хэмжээний төлөвлөгөө батлан ажиллаж байна.

Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол, Японы найрамдлын бүлэг, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮОНРТ, Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүд зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтжээ.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2017 онд хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын удирдлагыг харилцан айлчлуулах, Монгол, Японы харилцааны түүхэн хөгжлийг харуулсан баримтат кино, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, товхимол гаргах зэрэг ажил хийхээр төлөвлөжээ. Мөн Япон улсад Монгол хувцасны шоу, Монголын ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Морин хуурын чуулгын тоглолт, Монгол Улсад Японы “Комаки балет”-ын тоглолт, “Икэбана шоу” зэрэг урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, хүүхэд залуучуудын дунд Япон орны тухай уран илтгэл, зохион бичлэг, дууны уралдаан зохион байгуулах зэрэг нийт 45 арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ