БНХАУ руу их хэмжээний мах, дарс гаргахыг завджээ

Бичигтийн боомтоор их хэмжээний мах, дарс хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийг тус боомтын Экспорт, импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид илрүүлэн, хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээ авчээ. Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн XIX талбайгаас газрын тос тээвэрлэж явсан “North Benz” маркийн цистерн бүхий тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглаж, 72 литр дарс, 259.8 кг үхэр, хонины мах гаргахыг завджээ. Мөн иргэн Э “Галлопер” маркийн суудлын автомашины запас дугуй, суудлын дор 119.7 кг хонины махыг нуун далдалж хууль бусаар БНХАУ руу экспортлохыг завдсан зөрчил гаргасан байна. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдэд мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хууль бусаар экспортлохыг завдах зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, зөрчлийг давтан гаргахгүй байх талаар зөвлөмж өгч, уг хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ