Сар шинийн барилдааны тасалбар худалдаанд гарлаа

Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 12:00 цагт эхэлнэ. Бөхийн барилдааны тасалбарыг өглөөний 08:00 цагт “Монгол бөхийн өргөө”-ний билетийн кассаар худалдаалж эхэлсэн бөгөөд тасалбарын үнэ 20-25 мянган төгрөгийн үнэтэй байна.

Энэ жилийн барилдааны гол онцлог нь Монголын Үндэсний бөхийн холбооноос “Допинггүй монгол бөхийн төлөө"зорилтыг тавиад байна. Энэ зорилтын эхэнд өнгөрсөн хугацаанд “Допингийн эсрэг сан” байгуулан, бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулахаар болж, наадмын бус цагт шинжилгээ авах 16 бөхийн нэрийг тодруулахаар ажиллаж байгаа билээ. Мөн санал асуулгыг нууцаар авч байгаа бөгөөд бөхчүүдээс авсан нэрсийг нэгтгэн гаргах аж. Мөн ямар бөхийг допингийн шинжилгээнд хамруулах саналтай байгааг иргэдээс асууж байгаа юм. Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13, Х.Баянмөнх найм, Ж.Мөнхбат зургаан удаа түрүүлсэн амжилтаар бусад бөхчүүдээ тэргүүлж байна. Тухайн жилийн Сар шинийн барилдаанд өнгөтэй барилдсан бөх улсын наадмаар цолоо ахиулдаг хэмээн битүүхэн бэлгэшээдэг.

Энэ жилийн хувьд бөх сонирхогчид улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд нарын бөхчүүдээс нэг нь түрүүлэх байх хэмээн таамаглаж буй бололтой. Бөхчүүд Цагаан сарын барилдаанд наадмаас дутахгүй ач холбогдол өгч, аймаг аймгаараа бэлтгэлээ хийдэг. Энэ жил ихэнх аймгийн бөхчүүд нутагтаа очин бэлтгэлээ базааж байгаа бол Архангайнхан “Алдар”, Завханыхан “Хангарьд” спорт хороонд бэлтгэл сургуулилтаа базаасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин