Сар шинээр орон нутагт зам тээврийн ноцтой ослууд гарчээ

Замын цагдаагийн алба иргэдийг түгжрэл сааталгүй, аюулгүй зорчуулах зорилгоор баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа. Сар шинийн баяраар буюу битүүн, шинийн 1, 2, 3-нд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1144 дуудлага мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн осол, хэргийн шинжтэй 910 гомдол мэдээлэл бүртгэгдсэнбайна. Зам тээврийн ослын улмаас 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн. Дээрх тоон мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дуудлага мэдээлэл 46.9 хувиар, зам тээврийн осол 31.3 хувиар, гэмтсэн хүн 18 нэгжээр буюу 27.2 хувиар тус тус буурч, амь нас нь хохирсон хүний тоо найман нэгжээр буюу 2, 3 дахин өссөн судалгаа байна. Зам тээврийн осолд есөн хүүхэд өртжээ.
Замын цагдаагийн алба хаагчид баяр, амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 зөрчлийг илрүүлэн гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Тухайлбал, энэ сарын 26-нд буюу битүүний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг “Урьхан” зоогийн газраас Дарханы чиглэлд “5ton” маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон “Corolla” маркийн автомашинтай мөргөлдөж хоёр том хүн, хоёр хүүхдийн амь нас хохирсон.
Түүнчлэн энэ сарын 1-нд буюу өчигдөр Сэлэнгэ аймгийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд асфальтан замд М жолоочтой “Sonata-6” маркийн автомашин онхолдож зорчигч 17 настай, Э-н амь нас хохирсон.
Жолооч нар улсын болон орон нутгийн чанартай авто замд зорчихдоо хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасны улмаас зам тээврийн осол, хэрэгт ихээр өртөж, холбогдож байгааг албаныхан анхаарууллаа.
Сар шинийн баярын өдрүүд дуусаагүй үргэлжилж байгаа энэ үед орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн хөдөлгөөн дуусаагүй байна. Иймд иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл байдал, үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв сонгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ