Шинийн 8-ны хурлыг урагшлуулан хурна

Өнөөдөр “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны өдөр. Хаврын эхэн сарын 15-ныг дуустал засал номоо уншуулах сайн гэдэг бөгөөд шинийн 8,15-нд бол бүр ч сайн гэнэ. Гэтэл энэ жилийн хувьд Төгсбуянтын зурхайгаар шинийн 8-ны өдөр тасарч, шинийн 7-ноос шинийн 9 рүү шууд шилжиж байгаа. Тиймээс бид шинийн 8-ны тусгайлсан хурал номыг хэрхэх талаар Мамба дацан хийдийн тэргүүн хамба Д.Нацагдоржоос тодруулан асуулаа.

-Төгсбуянтын зурхайгаар энэ жилийн хувьд шинийн 8-ны өдөр тасарч байгаа. Тиймээс манай Мамба дацан хийд шинийн 8-ны тусгайлсан хурал номоо шинийн 7 руу шилжүүлэн уншихаар бэлтгэж байна. Шинийн 8-ны өдөр Оройн ерөөл, Маналын донжид зэрэг номыг уншдаг. Мөн тэрхүү билэгт сайн өдөрт сүсэгтэн олондоо зориулан Морин хуурын тоглолт хийдэг уламжлалтай гэлээ. Мамба дацан хийдийг зорин очих сүсэгтнүүд шинийн 7 буюу гуравдугаар сарын 5-ны ням гаригт шинийн 8-ны номоо хуруулж, заслаа хийлгэх боломжтой ажээ.

Монгол зурхайд билгийн тооллын өдрүүд давхарлах, тасрах, өдөр алсрах ёс түгээмэл тохиолддог. Өдөр тасарч, давхарлах нь сарны харагдах байдалтай холбоотой аж. Сар нэг одны гэр дээр хоёр хоног харагдах тохиолдолд өдөр давхарладаг. Харин нэг хоногийн дотор одны гэрийг алсалсан үед тэр өдрийг орхиж, алгасдаг гэдгийг зурхайчид тайлбарлажээ. Энэ нь билгийн хоногийн тоонд нөлөөлдөггүй. Зурхайн номонд өдөр давхар байвал урд өдрийг, тасарсан байвал хойд өдрийг нь авдаг ч энэ жилийн хувьд шинийн 8-ныг урагшлуулан тооцож ням гаригт шилжүүлж буй ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин