ОУВС:440 сая ам.доллар Монгол банкинд шууд төвлөрнө

УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Болд Б.Пүрэвдорж нарын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакертай уулзаж, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд Засгийн газартай тохиролцсон хэлэлцээрийн талаар болон бусад асуудалд хариулт авчээ. ОУВС-гийн Монгол дахь суурийн төлөөлөгч Нэйл Сакерын хэлж буйгаар 440 сая ам.доллар Монгол банкинд шууд төвлөрнө. Үүгээрээ Монголбанкны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бусад хандивчлагчдыг тусламжаар орж ирж байгаа хөрөнгө нь төсвийн дэмжлэг мөн тодорхой хэсэг нь төслийн санхүүжилтэд зарцуулагдах юм байна.

Бусад хандивлагчдаас орж ирж байгаа дэмжлэг нь эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх хугацаа урт бөгөөд маш бага хүүтэй дэмжлэг болно. Төсвийн алдагдал өндөр байгаа учраас төсвийн алдагдлыг төсвийн тогтвортой байдлын хуульд заасан хувь хэмжээнд аваачихад хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа гэдгийг ч тэрбээр уулзалтын үеэр хэллээ.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд ОУВС-гийн хөтөлбөр болон бусад дэмжлэг болох гурван тэрбум төгрөгийн ач холбогдлыг ойлгож байгаа ч манай улсын нийт өрийн хэмжээг улам нэмэгдүүлэхээс болгоомжилж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн төсөвт суусан байгаа төсөл хөтөлбөр гэхээсээ илүү үр ашигтай төслүүдэд санхүүжилт өгөхөд илүү анхаарч ажиллана гэдэгт нь найдаж байгаагаа хэллээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа ОУВС-гаас Эдийн засгийг эрүүлжүүлэх зөв шаардлагыг тавина гэж хүлээж байсан. Гэхдээ төрийн үр ашиггүй урсгал зардал болон улстөржсөн амлалт маягийн нийгмийн зардлуудыг танах талаар Засгийн газартай хийх хэлэлцээртэй тусгах саналыг дахин илэрхийлсэн. Мөн тэрбээр хүүхдэд зориулагдаж байсан мөнгөний тодорхой хувь хэнд очих гэж байгаа нь тодорхойгүй болж байна. Мөн тэтгэвэрийн насыг хойшлуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэх тухай асуудлуудаас гадна татварын бус нөхцөлөөр орлого төвлөрүүлэх боломж байсан гэдгийг хэллээ.

ОУВС-гийн суурин төлөөлөгч ирэх сарын 10-наас ажлын 5-10 хоногийн өмнө Монгол Улс төсвийн тодотголоо батлах ёстой. Төв банкнаас арилжааны банкуудад хөндлөнгийн гадны байгууллагаар аудит хийлгэж эхэлсэн байх. Мөн төв банк төсөвтэй адилтгах ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхгүй гэсэн урьдчилсан гурван нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Эдгээр урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн асуудал ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэнэ гэдгийг уулзалтын төгсгөлд хэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин