Хүүхэд хулгайлахыг завдсан этгээд багш мэргэжилтэй, У.Ууганбаяр гэгч байжээ

-“ХҮҮХЭД БАРЬЦААЛААГҮЙ” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-
Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр XI хороололд хичээлээ тараад гэртээ харихаар явж байсан 10 настай Т гэх хүүхдийг үл таних этгээд хулгайлах гэж оролдсон хэрэг гарсан. Улмаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхэд хулгайлахыг завдсан гэх этгээдийг өнгөрсөн баасан гаригт саатуулан шалгаж эхэлсэн билээ. Түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон.
Энэ хэрэгтэй холбоотойгоор хамгийн сүүлд авсан мэдээллээр уг этгээд эрхэлсэн тодорхой ажилгүй, У.Ууганбаяр гэх 35 настай, багш мэргэжилтэй нэгэн байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Ууганбаяр нь хэд хэдэн сургуульд ажиллаж байгаад халагдсан бөгөөд хохирогч хүүгийн сурч байсан II сургуульд мөн түүх, нийгмийн багшаар ажиллаж байсан юм байна.
Тэрбээр энэ хэргийг хүлээхгүй байгаа бөгөөд “Би хүүхэд барьцаалаагүй, хулгайлахыг ч оролдоогүй. Хүүхэдтэй муудалцсан болохоор нь барьж авсан юм. Гэтэл өөдөөс олон юм яриад, хараалын үг хэлэхээр нь “Яасан том дуутай хүүхэд вэ” гээд амыг нь тагласан. Энэ үед хүн гарч ирэхээр нь тавьж явуулсан” гэх утгатай мэдүүлэг өгсөн аж.
Тэрбээр II сургуульд жил гаруйн хугацаанд ажиллаж байгаад сурагчидтай буруу харилцсан, хүүхэд зодсон гэх үндэслэлээр ажлаасаа халагдсан юм байна. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цагдаа нар У.Ууганбаярын сэтгэцийн байдал эрүүл эсэхийг шалган тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүсэлт гаргажээ. Шалгалтын явцад У.Ууганбаяр гэгч сургуулиудын ойр орчимд их эргэлддэг гэх мэдээлэл ирсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ