Жолооч нар үл мэдэгдэх шингэн зүйлд хорджээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт нүүрс тээвэрлэдэг том тэрэгний жолооч нар амиа алдсан хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан билээ. “Эрдэнэс Тавантолгойн”-н нүүрсний тээвэрлэлтийг хийдэг “Монфорт” компанийн зургаан жолооч Тавантолгойн ордоос 90 км-ын зайд байрлах цайны газарт хооллохдоо согтууруулах ундааны төрлийн зүйлс уусан гэх мэдээлэл анх цацагдсан.

Тэдний гурвынх нь бие муудаж эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан бол гурав нь эмнэлэгт хүргэгдээд эмчлүүлж байгаа юм. Тус компанийн хятад эзэн жолооч нарын нэгнийх нь төрсөн өдрийг тэмдэглэж өгөхөөр дуудаж жолооч нарыг хятад архиар дайлж найралсан байгаа юм. Удалгүй ажилдаа гарсан жолооч нар замдаа бие нь муудаж нас барсан гэх. Харин хятад архиар дайлсан хятад эзэн ор сураггүй алга болсон. Түүнийг эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр “Одоогоор бидэнд байгаа мэдээллээр бол жолооч нар үл мэдэгдэх шингэн найруулж ууснаас болж хордсон байж болзошгүй байна. Замд долоон жолооч явсан бөгөөд зургаа нь үл мэдэгдэх шингэн найруулж уусан байсан. Нэг жолооч нь тухайн шингэнээс уугаагүй. Ингээд гурван жолооч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барж, нөгөө гурав нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгооны төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Гурван өвчтөнд гемодиализ, хор тайлах, зүрх судас дэмжих эмчилгээ хийж байгаа. Бид эндээс Өмнөговь аймгийн эмч нартай цахимаар холбогдож, өвчтөнүүдийн биеийн байдалтай танилцах, зөвлөгөө оношилгоо хийх зэргээр ажиллаж байна. Мөн тус аймагт халдвар эсэргүүцэх арга хэмжээ зохион байгуулж, үл мэдэгдэх шингэнийг өөр хүмүүс хэрэглэсэн эсэхийг тодорхойлохоор ажиллаж байгаа. Жолооч нарын уусан гэх шингэнийг ямар зориулалтаар хэрэглэдэг, ямар шингэн болохыг мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Холбогдох байгууллагын дүгнэлт гарахаар тэр тухай мэдээлэл илүү тодорхой болно” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин