Самуун төрийн үлгэр үргэлжилсээр...

Төр төмбөгөр, ёс ёмбогор хэмээн эртнээс дээдэс хэлцэж ирэв. Энэ үгний цаана маш их утга учир, агуулга, ёс заншил, үл тасрах төрийн хэлхээ холбооны чанд нууц агуулгадсаар ирсэн аж. Өнөөдөр төрд буй хүмүүст энэ үгийг дахин сануулах нэг үйлдэл саяхан болж өнгөрлөө. Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын хатан хаан Елизабетд Монгол улсаас тус улсад суух Элчин сайд С.Баяр итгэмжлэх жуух бичиг барих үеэр энэхүү үгийг дахин сануулах үйл явдал тохиолдов.
Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан түүний хувийн амьдрал ард түмэнд хамаагүй, түй ч хэрэггүй. Гэхдээ төрийн хүн гэхэд бас нэг тодорхой ёс зүй байх ёстой. Түүнийг харж байгаа, даган дуурайдаг, дэмждэг, өмгөөлдөг нь ч бий л байх. Бас үзэн ядаж, хууль бус үйлдэл, элдэв зүйлд нэр холбож, эсэргүүцдэг нь ч байгаа.
Харин энэ удаад тэрээрзалуу эхнэртэйгээ олны өмнө ил гарав. Төрийн хүний хувьд үе мултарсан залуу охин дагуулаад төр төлөөлөөд явж байх нь хэр зохимжтой вэ гэдэг тал дээр хаана хаанаа бодох л асуудал.
Түүний нийгэмд түгээж буй үлгэр дууриалыг ч бас бодох хэрэгтэй. Мөнгө, эрх мэдэлтэй бол хэдэн ч настай ч хамаагүй хүнтэй сууж жаргах тухай залуу охидын мөрөөдөл биелдэг юм байна гэдгийг тэрээр нийгэмд бодитойгоор харууллаа.
Монголын ноёд хоёроос гурван хатан буулгах тохиолдол түүхэнд байсан нь үнэн. Чингис хаан ч олон хатантай байв. Төрийн албан ёсны дөрвөн хатантай байсан нь түүхнээ үлдэж. Гэхдээ төрийн уламжлал, ард иргэдийн дунд ёс бус үйлдэл дэлгэрүүлэхгүйн тулд нэгэн чанд ёс заншилыг мөрддөг байж. Энэ нь залуу хатадаа төрийн үйл хэрэг, алив ёслол, зан үйлд дагуулах, олны өмнө ил гаргахыг цээрлэдэг байсан аж. Тиймээс ч өөрөөсөө эгч Бөртө хатныг цаг ямагт хатан сэнтийд залж, харь улсын элчийг хүлээн авах, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд заавал Бөртэ хатан залардаг байжээ.
Монгол ноёдын хувьд энэ нь уламжлан ирсэн бөгөөд ард иргэдэд ёс бусыг үзүүлэх, хөнгөн хуумай үйлийг үл үлгэрлэх, өрх гэрийн тогтвортой байдлыг өөрсдийн үйлдлээр үлгэрлэх, уламжлал, ёс заншилыг чандлан дээдэлж, төрөө, ард түмнээ хүндэтгэдэг байж.
Гэтэл өнөөдөр болсон болоогүй төрийн сайдууд бүгд л эхнэрээ сольж, залуу охидууд дагуулж, ард түмнийхээ өмнө мисс эхнэр, офшор дансаараа аархах болж. Төр ялзарч, өмхөрч буйн эмгэг эндээс л эхэлдэг. Төрийн үндэс өрх гэр гэдэг ч үндэсгүй болсон төрийн үлгэр С.Баяр сайдаар үргэлжилж байна.
Эхнэр сольж, өрх гэрээ тогтвортой байлгаж чадаагүй хүмүүс төр төвхнүүлнэ гээд явж байгаа нь эмгэнэл гэхээс ч өөрөөр нэрлэх арга байна гэж үү. Бие засаад гэрээ, гэрээ засаад төрөө засдаг монгол ухаан хаана гээгдчихэв ээ. Эхнэр солих нь бээлий тайлахаас амархан болсон хүмүүст төрөө, улс орноо худалдах нь гутал солихоос хямд байх нь дамжиггүй. Ийм хүмүүсийг төрийн толгойд залчихаад улс минь хөгжинө өө гэж суудаг уужуу ухаантнууд дорно зүгт монголчуудаас өөр бий гэж үү.
Чингис хаан дэлхийн хаан байлаа. Түүний өмнө дэлхий сөгдөж байхад ертөнцийн гоо эмс түүний өмч байлаа. Гэхдээ тэр ард түмнийхээ өмнө, түүхэнд, зүрх сэтгэлд Бөртэ хатантайгаа л мөнхөрч үлдсэн юм.Эр хүний жудаг, төрийн хүний ухаан гэдэг агуу л байдаг юм байна. Ард түмэндээ ёс бусыг үзүүлээгүй, эр хүний ноён нуруу, жудаг, эхнэрээ, өрх гэрээ, ард түмнээ хайрлах хайрын илэрхийлэл болгож тэрээр насан туршдаа Бөртэ хатанаа “Их гүрний хатан” суудалд залсаар насан элсэн.Агуу байхын тулд агуу хүн байх хэрэггүй. Энгийн боловч жижиг зүйл ч хүнийг агуу болгодог аж.
Гэр бүлийн тогтвортой байдал алдагдлаа хэмээн уйлагнаж, гэр бүлийн тухай хуулиар иргэдээ айлгасан улс төрчид өөрсдөө ёс бус үйлдлээ төрийн хэрэгтэй хольж, ард түмнийхээ өмнө залуу “хатад”, ор хөнжилийн асуудлаараа хэл аманд өртөж, эрх мэдэл, эд хөрөнгөтэй болохоороо эхнэрээ сольдог жишиг тогтоосоор удлаа.
Ханилсан ханиа голж, сольж, үр хүүхэдээ хайрлаж, ач гучаа тэвэрч эрхлүүлж үзээгүй хүмүүс ард түмнээ хайрлаад халамжлаад улс орноо бодно гэдэг ёстой л нохойн жогорхой гэгч байх.Тийм хүнээс хайр хүлээж байдаг ард түмэн бүүр ч хөөрхий.
Э.Маргад
СЭТГЭГДЭЛ БИЧИХ