Увсад 500 гаруй айл усанд автах эрсдэлтэй байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон "Шуурхай бүлэг"Увс аймгийг зорьсон. Учир нь Увс аймгийн Улаангом сумын Чандмань гэдэг газар 2017 оны 01, 02 дугаар саруудад их хүйтрэлттэй холбоотойгоор газар хагарсны улмаас гүний усаар тэжээгддэг голуудын усны түвшин нэмэгдэж халиа, тошин гүйснээс айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр усанд автах эрсдэл үүсээд байгаа юм.
Увсад нөхцөл байдал ямар байгааг тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаас тодруулахад “Улаангомын хамгаалалтын далан доод хэсгээрээ задарснаас болж их хэмжээний ус урсаж, хөрсний усан дээр нэмж хөлдөн, авто замаас 3-4 метр өндөртэй мөс үүсээд байна. Энэ гэсэхээр 500 гаруй айл усанд автах эрсдэлтэй. Бид хамгаалалтын далан дээр нэмж далан босгосон ч мөс 1.50 метр өндөр давсан. 2004 онд барьсан уг далан хуучирч муудаад хэд хэдэн газар задарсан.
Энэ даланг шинээр барих хөрөнгө санхүүг шийдвэрлэж өгөхийг Улсын Онцгой комиссоос хүсэж байна. Мөн Гашууны гол дээгүүр тавьсан авто замтай тулах хэмжээний мөс үүсээд байгаа. Хайлахаас нь өмнө арга хэмжээ авахгүй бол улаангомчууд тэр чигээрээ усанд автах аюултай байна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ