Автобусанд цахилгааны гэмтлийн улмаас гал гарчээ


Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутагт дэвсгэрт өнөө өглөө /2017.03.21/ 09.36 цагийн орчимд зорчигч тээвэрлэж явсан автобус шатсан. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Н.Нямхорлоо, Нийтийн тээврийн газрын орлогч дарга Д.Булгаа нар мэдээлэл хийлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “НЧБ” ХХК-ийн Баруунсалаа-Халдварт чиглэлд иргэдэд үйлчилдэг 36-71 УБГ улсын дугаартай автобусанд гал гарсан байна. Гал гарах үед автобусанд 6-7 хүн зорчиж явсан бөгөөд угаартсан, хохирсон иргэн байхгүй. Галын дуудлагын дагуу Нийслэлийн онцгойбайдлын гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгчид очиход зорчигчид тээврийн хэрэгслээс бүрэн гарч, аюулгүй байдалд шилжсэн байжээ.

Автобусанд гарсан гал түймэр мотор буюу хөдөлгүүрийн хэсгээс тархаж эхэлсэн бөгөөд жолооч нь мэдсэн даруйдаа галын хор ашиглан унтраах гэсэн боловч гал намдаагүй байна. Гал сөнөөгчид очиход автобусны хөдөлгүүр болон бүхээгийн хэсэгт гал түймэр тархсан байсныг 30 литр хөөс ашиглан, 20 минутын хугацаанд унтраажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин