С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн төрийн нууцад хамаарах зарим мэдээллийг ил болголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууцад хамааруулсан зарим баримтыг нууцын зэрэглэлээс ил гаргах зөвшөөрөл олгожээ.
Тодруубал, Тэрээр Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад "Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлйн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрчээ.
Тус зөвшөөрлийн хүрээнд Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт оролцож тус хэргийн талаар ярилцлага өгөв. Тэрээр "С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа гэнэт яагаад илэрсэн бэ гэдэгт хариулт өгье. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэмт хэрэг гарснаас хойш мөрдөн байцаалтыг Цагдаагийн Ерөнхий азар, Тагнуулын ерөнхий газар хамтарч хийсэн. Өнөөдрийг хүртэл ажилласан. Үүний үр дүнд маш олон нотлох баримтад тулгуурлан 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс өнөөдөр яллагдаад байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Арван найман жилийн өмнөөс цуглуулсан нотлох баримт, мөрдөн байцаалтын үр дүн өнөөдрийн цаг хугацаатай давхцаж байгаа ийм л байдал юм” гэв.
Тэрбээр төрийн нууцын зэрэглэлээс гаргасан мэдээллээс дурдаж, яллагдагч нарын хэргээ хүлээж байгаа, гэмт хэрэг үйлдсэний нь нотлох баримт бүхий дөрвөн видео бичлэг, С.Зориг асгны гэргий Д.Булганы тухайн хэргийг үйлдсэн болох хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зургийн эх хувибарыг үзүүлэв.
С.Зориг агсны гэргий Д.Булганыг шүүх хуралд гэрчээр оролцуулаагүй тухайд хэлэхдээ "Д.Булган нь хэргийн байдлыг харсан хүний хувьд яалт ч үгүй гэрч мөн. Гэхдээ өнөөдрийн дагаж мөрдөж байгаа хуульд "Гэрч гэж тухайн хэрэгт холбогдолгүй, хэргийн талаар үнэн зүйл мэдэж байгаа этгээдийг хэлнэ" гэж заасан. Д.Булганы хувьд энэ хэрэгт холбогдон шалгагдсан хүн. Хэдийгээр Д.Булганы хувьд шүүхийн шатанд шилжүүлж, гэм буруугаа хэлэлцэх хэмжээний нотлох баримт бүрдээгүй гэдэг нөхцлөөр энэ хүний үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс хуулийн дагуу тухайн хүн гэрчийн хэмжээнд оролцох эрхгүй байгаа юм" гэв.
Ерөнхийлөгч зарим баримтыг нууцын зэргээс гаргахыг зөвшөөрсний дагуу зарим баримтыг ийн ил болголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ