Хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн даргаар Х.Чилаажавыг улираан томиллоо

Өнөөдөр 09:00 цагт “Пума империал” зочид буудалд “Хэвлэлийн хүрээлэн” ТББ-ын зургадугаар ерөнхий чуулган зохион байгуулагдав. Тус чуулганд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов, Ү.Хүрэлбаатар, Х.Чилаажав тэргүүтэй Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

Чуулганы эхэнд “Хэвлэлийн хүрээлэн” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав тус байгууллагаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулав. Өнгөрсөн хугацаанд Хэвлэлийн хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдах ажилтан, багш, сурагчдын ажил мэргэжилд тус дэм болох үүднээс 650 орчим урт, богино хэмжээний сургалт, 260 гаруй уулзалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулж, давхардсан тоогоор 17 орчим мянган хүн хамруулжээ. Түүнчлэл хэвлэл мэдээллийн салбарын тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлага, иргэдийн санал бодлыг тандах зорилго бүхий 100 гаруй төрлийн судалгаа хэрэгжүүлсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн хөгжлийн тулгамдсан асуудал, шаардлага хэрэгцээ болон “Хэвлэлийн хүрээлэн”-гээс цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж, асуулт хариулт өрнөв. Зургадугаар чуулганы төлөөлөгчид сэтгүүл зүйн салбарын боловсон хүчний чадавхийг сайжруулах, редакторуудыг дахин мэргэшүүлэх, сэтгүүлчдийн хэлний боловсролыг дээшлүүлэх зэрэг олон чухал асуудалд анхаарлаа хандуулж, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусган ажиллахыг хүсэв.

Мөн “Хэвлэлийн хүрээлэн”-гийн Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг сонгох салбар хуралдаан боллоо. Салбар хуралдаанаас тус байгууллагын Уирдах зөвлөлийн даргаар Х.Чилаажавыг улираан томилж, Удирдах зөвлөлийн 12 гишүүнийг шинээр сонголоо. Дашрамд дурдахад, “Хэвлэлийн хүрээлэн” ТББ-аас 2017 оны наймдугаар сард Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр томоохон сургалт зохион байгуулахаар төлөвлөж буй талаар мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ