Төлбөрөө төлөөгүй бол торгуулна

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй автобусанд суурилагдсан бэлэн мөнгөний хайрцгийг хурааж авснаар ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс зорчигч бүр U money картаар үйлчлүүлэх болж буй.

Бэлэн мөнгөөр үйлчлүүлэхийг хязгаарлах болсон нь иргэд төлбөрөө дутуу хийж байгаатай холбоотой юм.

Зорчигч бүр картаар үйлчлүүлж эхлэхтэй холбоотойгоор 900 хянагч ажиллах болжээ. Тэд шалгалт хийнэ. Хэрвээ зорчигч төлбөрөө төлөөгүй байвал 5000 төгрөгөөр торгуулах эс бол албадан ажил хийх юм байна.

Нийтийн тээврийн төлбөрийн тогтолцоог цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх зорилгоор карт цэнэглэх болон борлуулах цэгийг олшруулж нийслэлийн хэмжээнд 480 цэг ажиллуулах аж.

Орон нутгаас нийслэлд ирж байгаа иргэдийн хувьд орон нутгийн тээврийн хэрэгслүүд зогсдог авто терминалууд байрлах Улаанбаатар смарт карт ХХК-ийн үйлчилгээний цэгээс түр картыг 3600 төгрөгөөр түр авч, хэрэглээндээ тохируулан цэнэглээд хотод байх хугацаандаа ашиглаад буцах боломжтой. Тухайн картыг худалдан авсан цэгтээ буцаан өгөөд 3600 төгрөгөө авах боломжтой аж.

Нийслэлийн зорчигчдын хувьд банкны салбар, АТМ, интернэтээр картаа цэнэглэх боломжтой. Энэ нь “Сити пасс” нэртэй карт байх аж. Тус картыг Хаан банкны салбаруудад захиалан авна.

Гар утасны сим картаа солиулан NFC сим картаараа төлбөрөө төлөх боломж бас бий. Тус картыг Юнителийн үйлчилгээний салбарт хандаж авах аж.

Мөн өчигдрөөс энгийн болон U money картын үндсэн үнийг хямдруулан 2000 төгрөгөөр худалдаалж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин