Мөнгө байна уу ? "Инээд" худалдаж авах гэсэн юм.

Инээдэм, эмгэнэл бүх юмыг мөнгөөр үнэлэхийн цагт хүн өөрөө байхгүй болоод ч байгаа юм шиг. Инээд мөнгөөр үнэлэгдэхэд эмгэнэл улам л тод томруунаар нийгмийг бүрхдэг аж. Биднийг багад гэж ярьдаг хүмүүсийг би буруутгадаггүй. Би заримдаа тэдний нэг болж хувирдагтаа тэр биш шүү. Уг нь нийгмийнхээ хөгжлийг, дэвшлийг, ололтыг зөв олж хараад аль болох намайг багад гэж ярихыг хүсдэггүй ч тэгж ярихаас өөр аргагүй байдалд хүрэх тохиолдол байх. Түүний нэг нь дөрөвдүгээр сарын нэгэн болох бүрийд төрдөг бодол. Биднийг багад дөрөвдүгээр сарын нэгэн гэдэг жинхэнэ инээдмийн баяр байлаа. Цэнхэр дэлгэцээр хошин шог үзүүлбэр, инээд бэлэглэсэн агшинууд цуварч, хүмүүсийн энгийн үйлдэл үг, яриа бүхэн нь инээдэм болдог тийм л өдөр байлаа. Хошин урлаг, циркийн алиалагчидын энэ өдөр үзүүлсэн хөтөлбөр, үйл хөдлөл, үг, өгүүлбэр бүхэн жилийн турш иргэдийн хөгжөөнт сэдэв болдог байлаа. Харин өнөөдөр. Хошин урлагийнхан гэсэн хэсэг хүмүүс инээдийг хүртэл хувьчлаад авчихаж. Мөнгө төлөхгүй бол инээд бэлэглэхгүй. Тэд бусдын алдааг, хувь хүний эмгэнэлийг л инээдэм болгодог болж. Тулга тойрсон жижиг сэдэв, тунхаг төдий хэдэн үг, үйлдэл. Дээхнэ үеийн инээдэм бол эмгэнэлийг хүртэл эмчилэх ерөндөгтэй байж. Нийгмийн алдаа оноо, нийт ард иргэдэд саад тотгор болж буй үйл явдал, бусармаг бүхнийг инээдээр эмнэдэг элэглэлийн мастеруудтай, ухаантанууд, урлагтангуудтай байж. Тэд үнэ хөлс нэхэхгүйгээр ард түмэнтэйгээ дөрөвдүгээр нэгэнд цэнхэр дэлгэцээр уулзан учирч, инээд бэлэглэж, ухаарал үлдээж, буруутан инээдээр шийтгэж, нийгмээ ямар байгааг инээдээр ард олондоо тунхаглан зарладаг байлаа. Тэд үнэ нэхээгүйтэй адил ард түмэн тэднээс хайраа, хүндлэлээ харамлаагүй. Сэмбээ, Арслан буюу Доржсамбуу, Батзаяа, Латиф, Даш гээд ард түмний сэтгэл зүрхэнд амьд байгаа алдартанууд, инээд бэлэглэсэн бурхаддаа мөргье. Өнөөдөр хошин урлагийнхан бүгдийг нь мөнгөөр үнэлсэн байгаа. Юнивишинээр эсвэл төдөн мянгаар хошин шогийг худалдан авдаг нийгэмд бид амьдарч байна. Уг нь бүх баяр, наадмын дотроос урлагийнхан, улс төрийнхөн нийгмээрээ хамгийн их ач холбогдол өгч, тэмдэглэх баяр бол яах аргагүй инээдмийн баярын өдөр байх ёстой. Бид нийтээрээ улс даяараа яагаад сэтгэлээ тайтгартал инээх эрхгүй амьдарч байна вэ. Инээцгээе. Зүгээр л бүх нийтээрээ инээе. Архидаж, бэлэг бэлдэж, стрессдэж, нэгнээ хүндрүүлж зөндөө баярлалаа. Харин инээдмийн баярын өдөр тэр бүхнээс шал өөр гэдгийг яагаад бид мартчихав аа. Инээд хүнд бэлэглэхэд мөнгө уг нь хэрэггүй юмсан даа.

Гөөгөө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин