Хүүхдийн асрах байр хаана байдгийг мэдэх түшээ байна уу?

Чингис хаан Их Монгол улсын хаан болсныхоо дараа улсын дотор буй өнчин ядуусыг асрах газрыг байгуулав. Өгөдэй хаан их ор суусныхаа дараа нэн тэргүүнд улсын дотор буй өнчидыг асрах газрыг дэмжин тэтгэж хишиг соёрхов.
Улс буй дор төр буй. Төр буй цагт иргэн буй. Иргэн буй газарт өнчин ядуус хийгээд төрийн асрамж шаардлагатай ядуус, өнчид буй. Иргэнээ төр асрах нь хэн нэгний хаан болоод буйн хийж буй хэрэг бустөрийн жолоог бататгаж, ирээдүй хойчийн залгамж халааг асран тэтгэж буй үйл юм. Түүх ийнхүү их хаадын үйл хэргийг тэмдэглэн үлдээжээ.
Харин өнөөдөр С.Баяр Ерөнхий сайд болов. Оюутолгойн гэрээ хийж, авлига авав. Сангийн сайд асан С.Баярцогт оффшор данстай нь илрэв. Тэр дүүгээ албан тушаалд томилов, тэр сайд хамаатнаа гадаад элчин сайдаар томилуулав, хэн дарга худ ургаа өргөмжлөн дарга болгов гэсэн мэдээлэл түгэх болж.
800 жилийн дараах энэ хувьсал өөрчлөлт Монгол Улсыг хөгжүүлэх бус хямруулж байгааг 26 жил ард түмэн харлаа. Улсын ганц асрамжийн газар болох “Өнөр бүл хүүхдийн төв” гэж байх. Тэнд очсон сайд, дарга тэднийг тэтгэсэн, асарсан, халамжилсан, 40 жил болж, элэгдэл хорогдол нь туйлдаа хүрсэн байранд нь засвар үйлчилгээ хийх нэг төгрөг ч өгсөн сайд дарга байхгүй.Хүнлэг энэрэнгүй төрийн түшээдтэйбайсан бол тус төв өдийд өндийдгөө өндийж, тэнд буй хүүхдүүд инээд баясал дүүрэн аз жаргал дүүрэн, төрдөө баярлаж, Монгол хүн болж төрснөөрөө хаана ч, хэдийд ч бахархаж суух байсан. Саяхан Шадар сайд У.Хүрэлсүх айлчилж буй мэдээлэл байсан. Арай л дөмгүүр, хүнээ, төрөө, ирээдүйг харсан ухаантай нь У.Хүрэлсүх сайд юм даа гэсэн бодол төрж байв.
Энэ төрд өнчидыг асарч, ардаа тэтгэн, ирээдүйг зөв харж чадах төрийн сайд байгаа гэдэгт эргэлзэнэ. Ядаж л “Өнөр бүл хүүхдийн төв” асрах байр хаана байдгийг төрийн түшээ Шадар сайд У.Хүрэлсүхээс өөр мэдэх эрхэм байна уу? Хүүхэд байх шаардлага хангахгүй байранд амьдарч буй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалаад дуугарчих төрийн түшээгүй төрд итгэнэ гэдэг харанхуй шөнө бухал өвсөн дундаас хүжийн гал барин зүү хайснаас ялгаагүй.
Д.Оюун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ