Хичээл хаялт үргэлжилж байна

Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай дунд сургуулийн сурагчид өчигдөр хичээл хаялт зарлаж, суралцах эрхийнхээ төлөө тэмцсэн. Тус сургуулийн 9, 10, 12-р ангийн 30 гаруй сурагч, тэдний эцэг эхчүүд сурагчдын хичээлийг дохионы хэлээр заах, мэргэжлийн дохионы хэл эзэмшсэн багш нартай болохыг шаардсан юм. Сурагчид уриа лоозон барьсан учраас жагсаал цуглаан зохион байгуулж байна гэж үзэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас мэдэгдэл хүргүүлж, эсэргүүцлийн ажиллагааг зогсоосон байна. Гэвч сурагчид суралцах эрхээ эдлэхийн тулд хичээл хаялтаа зогсоохгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хичээлдээ суулгүй дотуур байрандаа байсаар байна.
Харин тус сургуулийн захиргаанаас, хүүхдүүд дохионы хэлээр хичээлээ заалгах хүсэлтээ эцэг эхээрээ дамжуулан сургуулийн захиргаанд уламжилж болох байсан гэх тайлбарыг өгч байгаа бөгөөд сургуулийн бүх багш нар дохионы хэл эзэмшсэн хэмээжээ. Гэтэл сурагчид болон эцэг эхчүүдийн зүгээс “Багш нар зөвхөн өөрсдийнхөө байр сууриа хамгаалах гэж тайлбар хийж байна.
29-р сургуулийн захирал багшаас эхлээд нарийн мэргэжлийн багш нар нь дохионы хэл мэддэгүй хүмүүс бий. Өмнө нь эцэг эхчүүд дохионы хэлтэй багш нараар хичээл заалгах хүсэлт удаа дараа тавьж байсан ч хүсэлтийг хангаж өгөөгүй. Тиймээс хүүхдүүд хичээлээ хаях хүртэл тэмцэж байна. Энгийн хүүхдүүдэд заадаг хичээлийг эдгээр хүүхдүүд бүрэн ойлгох чадваргүй. Тийм учраас зааж буй бүх хичээл давхар дохионы хэлээр хүүхдүүдэд орж байж сурагчид мэдлэг олж авна” гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн 12.1-д сонсголгүй хүүхдийн эх хэл нь дохионы хэл мөн гэж заасан байдаг. Тиймээс сонсголгүй хүүхэд ямар нэг ялгаварлан гадуурхалгүйгээр, эх хэлээрээ боловсрол олж авах бүрэн эрхтэй хэмээн Боловсролын хуулинд тусгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ