17 тэрбумын "дуулианы эзэн" Г.Дэнзэн нарын хүсэлтийг шүүх хэрэгссэнгүй

ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түр завсарлаад байсан. Шүүх хурал өнөөдөр 09.30 цагаас дахин нээлттэй үргэлжилнэ.
Шүүх хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч Ё.Батзандан, С.Батгэрэл нар дэнсэлж буй. Хуралдааны эхэнд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч нараас шүүх бүрэлдэхүүнд гурван хүсэлт гаргасан. Тухайлбал, шүүгдэгч Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд гэрч Ж.Батболд, Д.Батболд нарыг оролцуулах хүсэлт гаргав. Уг асуудлаар шүүх хуралдаан түр завсарлаж, тогтоол гаргасан юм.
Шүүхийн тогтоолоор гэрчүүд өмнөх удаагийн шүүх хуралдаанд оролцсон, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, гэрчүүд ийн ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гаргасан өмнөх мэдүүлгийг хэлэлцэх замаар хуралдааныг үргэлжлүүлнэ хэмээж хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.
Гэм буруутай нь тогтоогдвол Г.Дэнзэн нар 5-10 жилийн ял шийтгүүлнэ-
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар албан тушаалаа урвуулан ашиглаж, 17 тэрбум төгрөгийн тендерийг эхнэрийнхээ нэр дээр “Говь повер” компанид өгсөн гэх Г.Дэнзэн шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн ял шийтгүүлнэ.Энэ хэргээр Г.Дэнзэнгээс гадна Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарын дөрвөн иргэн шүүгдэж байгаа юм. Тэднийг 2014 оноос шалгаж эхэлсэн бөгөөд Г.Дэнзэн хэрэг шалгах явцад Герман руу зугтаж, хэрэг үйлдээгүй хэмээн хэдэнтээ эсэргүүцсэний эцэст ийнхүү гурван жилийн дараа шүүх хуралдаанд оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ