Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга амиа хорложээ

Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Идэр суманд төрийн албанд ажиллаж байсан эмэгтэй хууль бусаар ажлаас халсныг эсэргүүцэж, өөрийгөө шатаан нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргээс хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 25-ны өглөө Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга Н амиа хорлосон байдалтайгаар олджээ.
Тэрээр өнгөрсөн 2016 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, Ардчилсан намаас сонгогдон Засаг дарга болсон байна. Гэвч долоо хоногийн өмнө Засаг даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч, хэд хоног ажилдаа ирээгүйг нутгийнхан нь ярив. Түүний амиа хорлосон шалтгааныг тогтоохоор хууль, хяналтын байгууллагынхан ажиллаж эхэлжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Тэс сумын нутагт орших Дооно хайрханыг уул уурхайн нэгэн компани ухахаар зэхэж байсныг Засаг дарга нь эсэргүүцэж байсан аж. Тэрбээр “Би Засаг дарга байж нутгийнхаа хайрханыг ухуулж чадахгүй” хэмээн ярьж байжээ. Тус компани иргэдийн болон сумын удирдлагуудын эсэргүүцлийг үл тоож байсан тухай нутгийнхан нь ярьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ