УИХ-ын дарга М.Энхболд Японы Ерөнхий сайд Ш.Абэтай уулзлаа

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки нартай уулзав.

УИХ-ын дарга М.Энхболд нүүрс-хими, эрчим хүчний үйлдвэрлэлийн төсөл, зарим бүтээгдэхүүний экспортын талаар санал тавилаа.

Ноён Ш.Абэ “Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр Японд элэгсэг дотно ханддаг Монгол Улсын Их Хурлын дарга Та манай оронд айлчилж буйд баяртай байна” гэж уулзалтын эхэнд хэллээ.

Тэрбээр айлчлалын хүрээнд гарын үсэг зурах Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны ойрын ирээдүйн дүр зургийг тодорхойлох бөгөөд хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Мөн ОУВС-тай Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэнд талархаж байна гээд энэ хөтөлбөрийн хүрээнд Япон Улсаас санхүүгийн бодит дэмжлэгийг нэн хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдлээ. Тэрбээр “Энэ зээл Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх, өөрчлөлт шинэчлэлт хийхэд тус нэмэр болоосой гэж хүсэж байна” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд хүндэтгэн хүлээн авч, уулзаж буйд нь ноён Ш.Абэ-д талархал илэрхийлээд “Өнөөдөр парламентын болон бусад түвшний олон чухал уулзалт хийсний дотор Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр намайг болон манай төлөөлөгчдийг парламентын гишүүд элэгсэг дотноор угтан мэндчилсэн нь Та бүхний Монгол орныг, монголчуудыг гэсэн халуун дулаан сэтгэлийн илэрхийлэл гэж хүндэтгэж байна.

Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх болон биднийг дэмжин туслах чиглэлээр ноён Ерөнхий сайд Таны зүгээс тавьж буй онцгой анхаарал нь манай хоёр ард түмнүүдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байна. Монгол, Япон хоёр орон нэг бүс нутгийн, нэгдмэл үнэт зүйлтэй, бие биедээ дотно дулаан сэтгэлээр ханддаг, хамтын ажиллагааны баялаг түүхтэй ард түмэн. Та Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд анхаарлаа хандуулаад зогсохгүй даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад онцгой хүчин зүтгэл гаргаж буйд талархъя” гэж онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр “Улаанбаатарт болсон АСЕМ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад Таныг оролцох үеэр бид уулзаж байсан. Тэр үеэс хойш манай төр, засаг эдийн засагт тохиогоод буй хүндрэл бэрхшээлийг даван туулах чиглэлээр олон арга хэмжээ авсны нэг нь ОУВС-тай хамтран ажиллах зорилт байсан юм. Үр дүнд нь бид хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Дөрөвдүгээр сарын 05-нд УИХ-ын чуулган нээгдэнэ. Чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал бол төсвийн тодотгол. Уг асуудлыг дөрөвдүгээр сарын 12 гэхэд батлах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газар санхүүгийн бодит дэмжлэгийг нэн хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” гэв.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр орон хамтран хэрэгжүүлж болох зарим томоохон төслийн асуудлыг хөндөв. Тэрбээр Монголын нүүрсийгашиглаж шатдаг хий, химийн болон нефть орлуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолборын төсөл хэрэгжүүлэх нь чухал гэж бид үзэж байна. Монгол орон нүүрс, нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй.Энэ баялгийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оролцох, бүс нутгийн орнуудад түүнийг нийлүүлэх боломж бий. Эдгээр төслүүдийг Япон Улстай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна гэлээ. Түүнчлэн Японы зах зээлд Монголоос зэс, төмрийн хүдэр, хайлуур жонш экспортлох асуудлыг анхааралдаа авахыг хүсэв.

Ноён Ерөнхий сайд Ш.Абэ нүүрс-химийн цогцолбор байгуулах төслийн техник эдийн засгийн үндэслэл, бэлтгэл ажил хангагдсан үед мэргэжлийн баг илгээж судалгаа, дүгнэлт хийлгэх боломжтой. Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оролцох, зарим бүтээгдэхүүнийг Японд экспортлох асуудлын тухайд Элчин сайдын яамаар дамжуулан асуудлаа тавиарай гэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ш.Абэ нар олон улсын байгууллагын хүрээнд урьдын адил харилцан бие биенийг дэмжиж, бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаар нэгдмэл байр суурьтай байгаагаа дахин нотлов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин