Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг орон даяар явуулна

Орлого орлуулан тооцох аргаар Өрхийн амьжиргааны түвшинг тооцох судалгаа энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 9-ний өдрийг хүртэл орон даяар зохион байгуулагдахаар боллоо.
Өрхийн амьжиргааны түвшинг тооцсоноор ядуу өрх, хүн амыг зөв оновчтой тодорхойлж, төрийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт хуваарилахад чухал ач холбогдолтой байдаг. Энэ жилийн хувьд судалгааны асуулга бөглүүлэх ажил 10 хоног үргэлжилж, улсын нийт өрхийн 80 гаруй хувь буюу 600 мянган өрх хамрагдах юм. Судалгааны ажлыг 7,900 гаруй хүн хийх ажээ. Иргэд судалгааг үнэн зөв бөглөж өгөх үүрэгтэй бөгөөд зарим иргэн нийгэм, эдийн засгийн байдлыг тодорхойлох үндэсний хэмжээний чухал судалгаанд хариуцлагагүй ханддаг байна. Тухайлбал, 10 гаруй байртай хүн өөрийгөө түрээсийн орон сууцанд амьдардаг хэмээн хэлж нийгмийн халамж хүртэх оролдлого хийж байсан тухай хэллээ. Мөн цалингийн дээд хэмжээгээр татвар төлдөг иргэд өөрсдийгөө ажилгүй хэмээн тодорхойлох тохиолдол цөөнгүй гардаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ