Өнөөдөр АН-ын дотоод сонгуулийн өдөр

Ардчилсан намын 160 мянга гаруй гишүүн өнөөдөр саналаа өгнө. Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн Ардчилсан намын дарга нарыг энэхүү санал хураалтаар тодруулна.
Ардчилсан намыг бодлогын нам болгон шинэчлэх зорилготой дотоод сонгуульд бөхчүүд олноороо нэр дэвшсэн нь хамгийн их анхаарал татаж буй. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, сүмогийн их аварга Д.Дагвадорж, Кёкүшюзан Д.Батбаяр, улсын арслан Д.Азжаргал нарын бөхчүүд энэ удаагийн дотоод сонгуулийг “чимж” байгаа. Хоорондоо учраа таарсан нь ч буй. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын даргад Кекүшюзан Д.Батбаяр, улсын арслан Д.Азжаргалтай өрсөлдөж байгаа юм. Хамгийн олон санал авсан нь ирэх дөрвөн жилд аймгийнхаа Ардчилсан намыг удирдана. Хэн, хэн нь улстөрд “А”-гүй. Гэсэн ч дарга нь болсон цагт УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс эхлээд олон боломж олдоно.
Аймгийн Ардчилсан намын даргын суудал дээрх хоёр нэр дэвшигчээр хязгаарлагдахгүй, Өмнөговь аймгийн Ардчилсан намын даргад аймгийн арслан Р.Сэддорж, Булган аймгийн Ардчилсан намын даргад самбо бөхийн дэлхийн аварга, аймгийн арслан Б.Ариун-Эрдэнэ нар өрсөлдөж буй.
Харин нийслэлийн Хан-Уул дүүргийн Ардчилсан намын даргад аймгийн арслан Р.Дамдин хүч үзэж байна.
Үндэсний бодлогын хороонд самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин,Х.Баттулга тэргүүлэн улсын харцага М.Батжаргал, улсын начин Ц.Гэрэлт-Од, их аварга асашёорюү Д.Дагвадорж нар өрсөлдөж байгаа юм.
Мөн анхаарал татах сонгуулийн нэг нь нийслэлийн Ардчилсан намын даргын суудал юм. Нийслэлийн Ардчилсан намын даргад Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар өрсөлдөж байна. Хэн нь нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдохыг есөн дүүргийн гишүүдийнх нь санал шийднэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ