Амиа золиослогч Оросын иргэн бөгөөд оросын паспорттай байжээ.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербург хотын метроны галт тэрэгний вагонд дэлбэрэлт болсноор амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн “Технологический институт” өртөөний дэргэд цэцэг өргөв гэж төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлжээ.
Өчигдөр 23 цагийн орчимд Владимир Путин метроны станцад ирснийг хэвлэлд мэдээлж байна.
“Ерөнхийлөгч метроны станцад ирж, хар туузаар ороосон улаан сарнай цэцгийн баглааг чимээгүйхэн өргөөд, яваад өгсөн” гэж “Комсомольская правда” сонины сурвалжлагч үйл явдлын газраас уламжилжээ. Сурвалжлагчийн хэлснээр, сэтгүүлчид ерөнхийлөгчид чухамдаа өч төчнөөн асуулт тавьжээ. Гэвч Владимир Путин хэвлэлийнхэнтэй ярилцахаас түдгэлзсэн байна. Тэр Нийт оросын ардын фронтын хэвлэлийн чуулга уулзалтад оролцохоор даваа гарагт иржээ.
Даваа гарагт Москвагийн цагаар 14 цаг 40 минутын орчимд (УБ-ын цагаар 19 цаг 40 минутын орчим) петербургийн метроны “Технологийн институт” болон “Сенная площадь” өртөөний хооронд галт тэрэгний вагонд юу болох нь тогтоогдоогүй төхөөрөг дэлбэрсэн байна. ОХУ-ын Мөрдөн байцаах хороо болсон явдлыг террорын ажиллагаа гэж тодорхойлж, гэхдээ бусад байж болох хувилдбарыг ч шалгаж байгаа ажээ.
Террорын эсрэг үндэсний хорооны мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас 11 хүн амь үрэгдэж, 45 хүн бэртэж гэмтэж, Эрүүлийг хамгаалахын сайд Вероника Скворцовагийн хэлснээр, зарим хүний биеийн байдал туйлын хүнд байгаа аж. “Террорын ажиллагаа” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
ОХУ-д хориглосон исламын радикал бүлэглэлүүдтэй холбоотой Дундад Азиас гаралтай 23 настай залуу тэсрэх төхөөргийг дэлбэлсэн байж болохыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Нийгмийн “Вконтакте” сүлжээ тэр таамаглаж буй амиа золиослогчийн гэрэл зургийг нийтлэжээ.
Сүлжээ хэрэглэгчдийн нэгнийх нь мэдээлснээр, энэ нь Киргизийн уугуул, 1995 онд төрсөн Акбаржон Акрамжанович Жалилов гэгч байсан бололтой. Амиа золиослогч Оросын иргэн бөгөөд оросын паспорттай байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ