Анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж, Т.Цогтод 20 жилийн ял оноолоо


Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан болж, өндөрлөлөө. Ингээд шүүхээс талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтод 20 жилийн ял, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оногдууллаа.Өмнө нь Т.Цогтод 20 жилийнял оногдуулахаар төлөвлөж байсан ч хэрэгсэхгүй болгож, цагаатгаж байсан шүүх шийдвэрээ ийнхүү өөрчлөв. Уг хэргийг Г.Маралмаагийн гомдлоор дахин шалгаж, хэлэлцсэн билээ. Тэрээр охины үхэлд буруутгагдаж, өмнө нь шүүхээс 23 жилийн ял сонссон ч энэ хэрэгт Т.Цогтыг буруутай хэмээн гомдол гаргасан байдаг.
Ялын тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Цогтод 20 жилийн хорих ял, Г.Маралмаад 23 жилийн хорих ял,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар тус бүр хоёр жилийн хорих ял оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр батлагдсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн .
Г.Маралмаад оногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Т.Цогтод оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Г.Маралмаад оногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нараас тус бүр 2.324.420 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шүүх шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ