Ч.Хүрэлбаатар хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр (2017.04.05) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Катрин Элизабет Жейн Арнолдыг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улс, Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцсан.

Түүнчлэн хатагтай Катрин Элизабет Лондон хотноо өнөөдөр “Монгол орны хөгжилд” чуулга уулзалт зохион байгуулагдаж буйг дуулгаад Монгол Улс болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал хэллээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар үргэлжлүүлэн “Фронтиер ҮЦХ” ХХК-ийн захирал Игата Масатэрүг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. “Фронтиер ҮЦХ” ХХК нь жил болгон Улаанбаатар болон Токиа хотноо хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа”, “Инвест Токиа” чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд энэ онд зохион байгуулах чуулга уулзалт болон Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар талууд санал солилцсон.

2016 оны чуулга уулзалтаас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэж, ирэх есдүгээр сард болох “Инвест Монголиа 2017” чуулга уулзалтаар юу хийх талаараа товчхон ярилцлаа. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар манай улс төсөв мөнгөний бодлогын хувьд хариуцлагатай болж, цэгцэндээ орж байгааг тэмдэглэсэн бол захирал Игата Масатэрү гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд юунд анхаарах талаар саналаа хэллээ.

”Инвест Монголиа” нь тухайн жилд тулгарах нийгэм, улс төрийн болон эдийн засгийн хөгжлийн асуудлыг хэлэлцдэг томоохон арга хэмжээ юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ