Ард түмэн аргаа барсаар, дарга нар тансагласаар л....

Урсгал ус өөрийгөө цэвэршүүлдэг гэсэн хэлц үг бий. Түүнлүгээ адил нийгэм ч өөрийгөө цаг нь болохоор цэвэршүүлдэг. Дундад зууны үед Францын XV Луй хаан нас барсны дараа хүчирхэгжин цэцэглэж байсан тус улс уналтын байдалд оров. Шалтгаан нь ердөө л хэт их зугаа цэнгэл, дээдсийн тансаглал, авлига, албан тушаалын амбиц байв.
Түүнийг залгамжилсан хаад нь улс орон, ард түмнээ ядууралд умбаж байхад хэт их тансаглалд хөлчүүрч, иргэд нь бослого үймээн дэгдээж байхад тансаг цэнгүүн, үдэшлэг зохиож байсан гэдэг. Тэд мөнгийг улс орноо хөгжүүлэхэд бус өөрсдийгөө цэнгүүлэхэд зарцуулдаг байв.
Энэ байдал өнөөдөр манай улсад бодитоор бий болчихоод байна. Улс орны баялгийг 200 гэр бүл эзэмшиж, гадаадад тансаг орд, харш худалдан авч, оффшир бүсэд их хэмжээний мөнгөө нуун далдалж, улстөрийг өөрсдийн эрх ашгийг хамгаалах талбар болгон ашиглаж байна. Эрх баригчид ард түмэнгүй юм шиг дураараа дургих чөлөөт орон зайгаа УИХ-ын гишүүний бүрэн эрх, хууль шүүхийн хууль бус шийдвэрийн ард бий болгоод 20 гаруй жилийг үдэв.
Аливаа юм хэмжээтэй. Цаг хугацаа ч өөрийн гэсэн хэмжүүртэй. Оффшорчдийг шүүн хэлэлцэх, мөнгийг нь улс орны эрх ашгийн тулд эргүүлэн татах тухай санал, санаачлага, шат шатанд гарах ч газар авахгүй унтрах болов. Үүний цаана асар их мөнгө, эрх мэдлийн далайлт, улс орны эрх ашиг хөсөрдсөн шийдвэр байгааг анзаарахгүй өнгөрөөх арга алга.
Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Хэн ерөнхийлөгч болох вэ, намууд хэнийг дэвшүүлэх бол гэсэн хүлээлт ард түмний уур хилэнг түраргацааж байгааг судлаачид хэлж байна. Хэн ерөнхийлөгч болсноос үл хамаараад улс оронд нүүрлээд буй олон асуудлыг нэг мөр шийдэж , хууль үнэн зөв мөрдөгдөж, оффшорчдийн үнэн төрхийг илчилэх найдварыг шинэ ерөнхийлөгчөөс ард түмэн хүлээж байна.
Хүлээлгийн өрөөнд хэн нэр дэвших бол гэсэн ард түмэн сууж байна. Бас хэнийг сонгохоо ард түмэн шийднэ. Харин зөв хүн, зөв цагт нь гаргаж ирж чадахгүй бол бид дундад зууны үерүүгээ эргэн очиход нэг алхам үлдээд байгаа. Ухаантай ард түмэн гэж байдаггүй. Ухаантай удирдагч л гэж байдаг гэсэн үг бий. Харин ард түмнээ ухаантай болгож чаддаг, шударга үнэнийг нэхдэг, тэнцвэрийг хадгалж чаддаг удирдагч сүүлийн 20 жил монголчуудад заяагаагүй нь үнэн.
Нийгэм бохирдож, буртаглагдаж, худал нь үнэн болж байгааг тэвчих тэвчээр ард түмэнд байдаг. Учир нь засагдана, зөв гольдролд нийгэм орно гэж итгэснийх. Харин энэ итгэл алдарсан цагт нийгэм өөрийгөө урсгал ус мэт цэвэршүүлэхээр түрхрэн босдог жамтай.
Д.Оюун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ