Оффшор данстай нэр холбогдож буй УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардлаа

Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс 23 иргэнийн хөдөлгөөний байгууллагыг хамруулсан оффшорын эсрэг жагсаал зохион байгуулсан. Тэгвэл тус хөдөлгөөнийнхөн мэдээлэл хийж, оффшорчдыг шалгуулах тодорхой гарц гаргах шаардлагыг Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Тэдний Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлж буй шаардлагад:
-ИБНВУ-д элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа С.Баяртай холбоотой улс төрийн авилгын асуудал Монгол Улсын нэрийг олон улсад унагааж байгаа тул түүнийг яаралтай эргүүлэн татах.
-Оффшортой холбоотой С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэрэг прокурорын шатанд удааширч байгаад онцгой анхаарч, хэрэг удааширч байгаагийн шалтгааныг олон нийтэд мэдэгдэх шаардлагыг прокурорын байгууллагад хүргүүлж, шаардлагын хувийг Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнд ирүүлэхийг тусгажээ.
Харин УИХ-ын дарга М.Энхболдод хаягласан шаардлагадаа оффшор данстай нэр холбогдож буй УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор өргөн барихыг шаарджээ.
Дээрх шаардлагуудынхаа хариуг энэ сарын 12-ны өдөр 14:00 цагаас Төрийн ордноос биечлэн хүлээн авах аж. Хэвлэлийн хурлын үеэр Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнийн тэргүүн Б.Батбаяр Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэхийг шаардахаа мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ