“Гулгаа массаж” гэсэн их хэмжээний зарыг хуулжээ
Нийслэлийн гудамжинд наасан "Гулгаа массаж" гэсэн зарын хуудсуудыг хуулж, цагдаагийн байгууллагад өгч шалгуулах аяныг "Лантуун дохио" ТББ-аас хэрэгжүүлж байна.Тус төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан энэ талаар “Бид энэ аяныг том хэмжээгээр хоёр дахь жилдээ хийж байгаа бөгөөд энэ удаад асуудалтай газруудыг шалгуулах, утасны дугаар эздийг илүүрэн цагдаагийн байгууллатай хамтран ажиллах болно.
Гол анхаарал хандуулж байгаа хэсэг нь насанд хүрээгүй хүүхдэд чиглэсэн бэлгийн мөлжлөг, садар самуу хар тамхи, охидыг элдэв барьцаанд оруулан хүчээр биеийг нь үнэлүүлэх, хүн худалдах, энэ бүх гэмт хэргүүд "Гулгаа массаж" хэмээх нэрэн дор өршөөгдөн, халхлагдан, нуугдан оршиж буйн эсрэг юм. Гулгаа массаж нэрэн дор хүчин, танхайн гэмт хэргүүд үйлдэгдэж энэ нь том асуудал болоод удсан гэдгийг цагдаа нар ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн жил зөвхөн нэг удаагийн тандалтаар 1524 ширхэг зарыг хуулж, тэмдэглэсэн бөгөөд үнэхээр энэ хотод тийм олон массажны газрууд ажиллаад байна уу гэдэг асуулт юм” гэжээ.
Нийт 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан тус төрийн бус байгууллагынхан их хэмжээний “Гулгаа массаж”, “Массаж” гэсэн заруудыг хуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ