Газраа чөлөөлсөн 35 өрх шинэ байрандаа орлоо

"Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутагт “Пример инвестмент групп” ХХК-ийн барьсан 60 айлын орон сууцны 12 давхар барилга ашиглалтад орлоо. Тус орон сууцны анхны оршин суугчид нь 2015 онд газраа бүрэн чөлөөлж, барилгын ажил эхлэх бололцоог олгосон 35 айлын иргэд байв. Нээлтийн ёслолын үеэр оршин суугчдын төлөөлөл болон дөрвөн иргэнд байрных нь түлхүүрийг гардууллаа.
“Пример инвестмент групп” ХХК-ийн дэд захирал Н.Мягмардорж “Утаа, хөрсний бохирдлын эсрэг тэмцэлд бидэнтэй нэгдэж, манай компанид итгэл хүлээлгэн газраа өгсөн иргэддээ төвийн цэвэр, бохир ус, дулааны шугамд холбогдсон, дэд бүтцийн асуудлыг нь бүрэн шийдсэн энэхүү байраар хариу барьж байна. Тус барилгыг арваад айлын хашааны газарт жил гаруйн хугацаанд барьсан.
Өмнө нь энд модон шонгоос өөр юмгүй байсан тул дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдэхэд хүндрэлтэй байлаа. Чөлөөлсөн газрын хэмжээнээс хамаарч иргэдэд орон сууц олгосон. Том газартай байсан иргэдэд нэгээс хоёр өрөө байрнаас хоёрыг олгосон тал бий. Ирэх хоёр жил гаруйн хугацаанд 660 айлыг орон сууцтай болгох төлөвлөгөөтэй байгаа” хэмээлээ.
Энэ өдөр байрны түлхүүрээ гардсан тус хорооны иргэн Д.Дүнжиймаа “Манай гэр бүл энд 18 жил амьдарсан. Би монгол хүний саруул ухаанд итгэдэг учраас 2015 оны тавдугаар сарын 20-нд хамгийн түрүүнд газраа чөлөөлөн нүүж байлаа. Харин өнөөдөр амьдралд минь түүх болон үлдэх баярт мөч тохиож байна. Гүйцэтгэгч компанид 0.6 га газраа өгч, гэрээ байгуулан тохиролцсоны дагуу 32 ам метр талбайтай нэг өрөө байр, 46 ам метр хоёр өрөө байрыг машины дулаан зогсоолын хамт хүлээн авч байна” гэв.
Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр төлөвлөсөн 24 талбарт 400 гаруй өрх газраа чөлөөлөөд буй. Тэдгээрийн 200 гаруй нь түрээсийн орон сууцанд түр хугацаагаар амьдарч байгаа аж. Гэвч тус төслийг хэрэгжүүлэхээр гурван талт гэрээ (тухайн газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч болон нийслэлийн Засаг дарга харилцан тохиролцож, байгуулсан баримт бичиг) байгуулсан зарим байгууллага үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон аж.
“Иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хариуцлагагүй байгаа зарим компанитай байгуулсан гэрээгээ цуцалж, төсөл хэрэгжүүлэх талбарыг дахин хуваарилж, ойролцоогоор 99 болгох төлөвлөгөөтэй байна. Ингэснээр тухайн барилгын компанийн хүчин чадалд нийцсэн талбарыг ногдуулж, орон сууцны ашиглалтад орох хугацааг хурдасгах боломж бүрдэнэ” хэмээн нийслэлийн Засаг дарга С.Батболд энэ үеэр хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ