Сэлэнгэ аймагт ойн түймэр гарчээ

Жил бүрийн хавар, намарт ой, хээрийн түймэр дэгддэг аюул хэдийнэ эхэлжээ. Учир нь хөрсний хэт хуурайшилт болон иргэдийн санамсар болгоомжгүй гал алдаснаас үүдэн түймэр дэгдэж буй юм. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зургадугаар багийн “Шар жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ойн түймэр энэ сарын 8-ны өдөр гарсан байна. Түймрийг унтраахаар онцгой байдлын ажилтнууд, нутгийн иргэд нийлсэн 50 орчим хүн ажиллаж байна.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Нарс хүүхдийн зуслангийн хойд талын ойд энэ сарын 9-ний өдөр түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 24 дүгээр хорооны 13 иргэн, нийт 26 хүн хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр 17:33 цагт цурамд оруулсан байна. Түймэрт гурван га орчим талбай өртсөн аж.

-Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу.

-Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;

-Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;

-Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх

-Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;

-Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;

Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ