Бурхан тахил, судар биедээ нууж, хилээр нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид дөрөвдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлжээ.
Тодруулбал, иргэн Г нь 18 нэр төрлийн 64 ширхэг судар, бурхан тахил, цөгц зэрэг эртний эд өлгийн зүйлийг гар цүнх болон биедээ нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлсэн байна. Уг хэргийг Замын-Үүд сум дахь цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж буй аж.
Мөн хоёр автомашинд ачсан, баримт бичгийн бүрдэлгүй 1700 ширхэг гүйлсний модыг илрүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулахад ХХАА-н сайдын 2015 оны А-90 тоот тушаалын хавсралтын Гадаад хорио цээртэй зүйлийн жагсаалтад орсон дорнын үрэлж эрвээхэй илэрсэн тул тээврийн хэрэгслийг саатуулсан байна. Түүнчлэн жимсний улаан хачиг илэрсэн 0.8 тонн алимыг хураан авч, цацаг далавчтан илэрсэн илэрсэн төмсийг гүний хяналтад шилжүүлэн, албан шаардлага өгөв. Үүний зэрэгцээ 20 тонн натрийн нитрит буюу химийн бодисыг тээвэрлэх горим зөрчсөн зургаан автомашиныг саатуулж, хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ