Ж.Бадамбазар: Байлдааны гранатыг цэнэгтэй холбох үед дэлбэрэлт болсон


Энэ сарын 11-нд буюу өчигдөр 18.00 цагийн орчим Төв аймгийн Алтанбулаг сум дах Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд дадлага сургууль хийж байсан цэргүүдийн гранат дэлбэрч 2 хүн нас барж, 8 хүн шархадсан харамсалтай хэрэг гарсан. Осол гарсан даруйд Онцгой байдлын ерөнхий газар, ЗХЖШ болон ЦЕГ-аас шуурхай баг томилогдон ажилласан байна. Нар барсан болон гэмтсэн иргэдийн ар гэрийнхэнд нь мэдэгдсэн ч гурван хүний ар гэрийнхэнтэй холбогдож чадаагүй аж. Эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэний дараа ар гэрийнхэнтэй нь холбогдох арга хэмжээ авахаар болжээ. Холбогдож чадаагүй гурван иргэний нэгний ар гэрийнхэн нь Ховдод байдаг юм байна. Гэмтсэн иргэдийн ар гэрийнхнийг ирэхэд эмнэлгийн байранд байлгах тусгай өрөө бэлдсэн байгаа аж. Ингээд ослын талаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазараас тодрууллаа. -Ослын талаар мэдээлэл өгөөч. Сургалтад гранат хэрэглэдэг юм уу? -Зэвсэгт хүчний анги салбарууд ЗХЖШ-аас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу хээрийн сургалт, дадлага,байлдааны буудлага , харвалт хийгдэж байгаа. Бүх анги салбарууд энэ сургалтын төгсгөлд командлалын болон төгсөлтийн шалгалт авагддаг. ЗХ-ны сургалтын төв буюу Таван толгой дахь 311, 350-р анги байлдааны буудлага хийх бэлтгэлээ хангах явцад өчигдөр 17.40 цагийн орчимд осол болсон. Ослын шалтгааныг тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон шуурхай комисс бид хууль хяналтын байгууллагынхантай хамтран газар дээр нь ажилласан. Бид 17.40 цагийн үед мэдээлэл аваад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон холбогдох байгууллагууд хамтарч шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа. Гол шалтгааныг хууль хяналтын байгууллага тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэнэ.
-Сургалтад гранат ашигладаг юм уу? -Сургалт бэлтгэлийн явцад байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох дадлагыг ахмад Э нь явуулж байсан бөгөөд энэ үед тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна. Гранат дэлбэрэх явцад ахлагч А, М нар газар дээрээ нас барж, 8 хүн шархадсан. Энэ дагуу Цэргийн төв эмнэлэг дээр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Бид Батлан хамгаалах яамны сайд, ЗХЖШ, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай холбогдон шаардлагатай арга хэмжээг авахаар бэлтгэсэн. Энэ ослын талаар хуулийн байгууллага шалган тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. ЗХ-ны сургалтын нэгдсэн төв нь Улаанбаатар хотоос 50 орчим км-т байрладаг бөгөөд энэ дадлага сургалт түүнээс 10 орчим км-н зайд болсон. Эндээс шаардлагатай түргэн тусламжийн машин, Цэргийн төв эмнэлгийн бүрэлдэхүүнийг ажиллуулсан.
Осол юунаас болж гарсан болохыг яг одоо хэлж мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Осол гарах 2 төрлийн шалтгаан байх магадлалтай. Нэг нь хүний болгоомжгүй байдал эсвэл тухайн галт хэрэгслийн хадгалалт ашиглалтын байдлаас шалтгаалсан техникийн осол байхыг үгүйсгэхгүй.
-Ар гэрийнхэнд нь мэдэгдсэн үү? -Одоогийн байдлаар бид 3 хүнээс бусад бүх хүмүүсийн ар гэртэй холбогдсон. Нэг хүний ар гэр нь Ховд аймагт байдаг юм байна. Бид эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэний дараа ар гэртэй нь холбогдох арга хэмжээ авна. Ар гэрийн хүмүүсийг ирэхэд эмнэлгийн байранд тэднийг байлгах тусгай өрөө бэлдсэн байгаа. Шархадсан цэргүүдийн биеийн байдлын талаар Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатараас тодрууллаа.
-Шархадсан цэргүүдийн биеийн байдал ямар байна вэ? -Осол болсоны даруйд ЗХЖШ, сургалтын нэгдсэн төвийн сургалтанд гарч байсан эмнэлгийн бүрэлдэхүүн эмч нар газар орон дээр нь яаралтай тусламжийг үзүүлсэн. Одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт 8 цэргийн албан хаагч ирж эмчилгээ авч байгаа. Газар дээр нь эмч нар эмнэлгийн тусламж үзүүлж Эхний шархадсан өвчтөн 19,58 минут сүүлийн албан хаагчийг 20,15 минутанд эмнэлэгт ирсэн. Хоёр цэргийн албан хаагч яаралтай хагалгаанд орсон. Ирсэн 8 цэргийн албан хаагчийн биеийн байдал тогтвортой, амь насанд аюулгүй байгаа. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ