Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ огцрохуу ?

Монгол цэрэг дэлхийд алдраа дуурсгаж, энхийг сахиулах үйлст гал цогтой гавьяат үйлс бүтээсэн тухай мэдээлэл хаяахан боловч гарч, омогшилийн гал асааж, түгдэг. Хэзээнээс иртэй, дайны сахиусан тэнгэрийн ивээл дор мандан бадарч, ялагдлыг хүртэл ялалт болгодог цэрэг эрсийн түүх бидний оршин тогтнохуйн бэлгэдэл болсоор ирсэн.

Гэвч сайны хажуугаар саар зүйл Батлан хамгаалах яамнаас салдаггүй. Цэргүүд нэгнээ дэглэв, амийг нь хөнөөв, буудав. Гэтэл сүүлдээ цэргийн хээрийн сургуулилтын үеэр дайсан руугаа шиддэг гранатаа өөр дээрээ алдаж амь хохиров. Хөдөө орон нутгаас эх орныхоо зарлан дуудах аваад цэрэгт ирсэн аавын хөвгүүдэд зэвсэг хэрхэн хэрэглэх, байлдах арга ухаан заах багш, сургагч нар хаана байв аа. Цэргийн сургалт, хариуцлага хариуцсан дарга, сэтэртэнгүүдэд хэн хариуцлага тооцох вэ.

Монголын зуун эрхмийн нэгээр тодорч, ард түмэндээ үнэн хайртайгаа зарлаад байсан дархан аварга, УИХ-ын гишүүн БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үүнд ямар хариуцлага хүлээх вэ. Дэлхийн дайдыг эзэгнэж асан монгол цэрэг хуарангаасаа гарч чадахгүй амиа алдах арчаагүй байдалд яагаад хүрэв. Дайны талбарт амь үрэгдэх нь эр хүний жаргал, жинхэнэ үхэл шиг үхэл байдаг хэмээн үздэг өвгөдийн үг хаана гээгдэв.

Дэлхий даяар мэргэшсэн, жинхэнэ дайчин цэргүүдийг бэлтгэж, улс орныхоо тусгаар тогтнолыг хангах бодлогыг улс орнууд барьж буй энэ цагт нуувчин дотроо өөрөө өөрсдийгөө дэлбэлээд үхэж байдаг цэрэгтэй улс манайхаас өөр байна уу. Ийм цэрэгтэй байхын бол Батлан хамгаалах яам гэж байхын хэрэг байна уу.

Цэрэг гэдэг цэгц гэсэн үгнээс гаралтай. Хуультай, журамтай, дэгтэй, цэрэгтэй улс оронд бол Батлан хамгаалахын сайд нь өнөөдөр огцорч байгаа. Харин албан тушаал, амбиц ихтэй, хуульгүй манай улсад Батлан хамгаалахын сайд нь огцрох байтугай буруу нь бусдынх болоод л өнгөрөх байх даа. Цэрэг болно гэдэг хүний тооноос хасагдахын нэр биш. Харин ч энгийн хүнээс илүү төрдөө үнэлэгдэх ёстой. Нэг цэргийн амь мянган энгийн иргэний амьтай дүйж байж л сая улс орон цэрэг шиг цэрэгтэй байдаг. Амь үрэгдсэн цэрэг эрсийн амийг хэнээс нэхэх вэ, Монголын төр өө. Батлан хамгаалахын сайд аа.

Д.Оюун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ