40-65 насныханд В, С вирүсийн шинжилгээ үнэ төлбөргүй хийнэ


Ирэх сарын 1-нээс 40-65 насны иргэдэд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог хийж, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болсон талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэдээллээ.
Оношилгоог иргэдэд илүү ойр байлгах үүднээс сум, өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдээр хийх боломжийг судалж байгаа аж.
Орон даяар явагдах оношилгооны бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан гэдгийг ЭМЯ-наас мэдээлж байна.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэх шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан.
Хөтөлбөрийн хүрээнд 4 зорилт, 31 үйл ажиллагааны 75 ажлыг хийх бөгөөд ингэснээр хепатитын вирүсийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирүсийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулна гэж үзэж байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 226 тэрбум гаруй төгрөгийн
- 24 хувийг улсын төсвөөс,
- 68 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас,
- 8 хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолоод байна.
Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, халдвараас хамгаалах дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж, эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр тусгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ