Солонгос улсад Монгол эмэгтэй үр хүүхдээ асран хамгаалаагүй хэргээр саатуулагджээ

Өмнөд Солонгос улсын Кёнги дүүргийн цагдаагийн газраас тус дүүрэгт амьдардаг гурван хүүхдийн ээж,35 настай Монгол эмэгтэй А-г шалгаж эхэлжээ. Тэрбээр есөн сарын өмнө тус дүүрэгт нүүж ирсэн юм байна.

Түүний 12, 13-н настай хоёр хүүгийн сурдаг сургуулийн багш, удирдлагууд нь эдгээр хүүхдүүд хичээлээ олон удаа тасалж, хиртэй бохир хувцас өмсч, гэдэс өлсгөлөн байхыг анзаарсан ажээ.

Сургуулийн удирдлага энэ тухай дүүргийн цагдаагийн газарт хандаж "Манай сургуулийн сурагчид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл эцэг, эхийн асран хамгааллыг авч чадахгүй байх магадлалтай байгааг шалгаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан байна.

Ингээд хүүхдүүдийн гэрт цагдаагийн ажилтнууд, сургуулийн багш болон дүүргийн нийгмийн халамжийн албаны ажилтнууд очиж, бодит байдалтай газар дээр нь танилцсан байна.

Шалгалтын явцад Монгол эмэгтэй А нь архидан согтууруулах ундааг байнга хэрэглэдэг бөгөөд 12, 13-н настай хоёр хүү болон 4-н настай охиноо орхин хэдэн өдөр гэртээ очилгүй архидан согтуурдаг байсныг илрүүлжээ.

Ийм учраас гурван хүүхэд нь хог новш, жоом зэргээр дүүрсэн эмх замбараагүй хогон дунд амьдарч байсан бөгөөд ээж нь гэртээ ирээгүй үед хичээлдээ явдаггүй байсан байна.

Кёнги дүүргийн цагдаагийн газраас Монгол эмэгтэйг үр хүүхдээ aсарч хамгаалах үүргээ биелүүлээгүй хэргээр шалгаж эхэлсэн бол дүүргийн нийгмийн халамжийн албаны ажилтнууд түүний гэр бүлд нийгмийн халамж үзүүлэх, эдийн засгийн хувьд тусалж дэмжих, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх тусгай хөтөлбөрт хамруулах зэрэг ажлуудыг хийхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ