"Нөхөр гранат" өөрөө тэсэрсэн

Энхийн цагт цэргийн хөлс урсч, дайны үед хатуу бэрхийг туулах хаттай болох ёстой. Энэ сарын 11-ний өдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд болсон ослын талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар асуултад хариуллаа.

Сайд болон генералын танилцуулснаар уг өдөр Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ЗХЖШ-аас баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлээ хангаж. Гэтэл энэ үеэр байлдааны гар гранат “өөрөө” тэсэрч, цэргийн хоёр алба хаагч амь эрсдэн, найманалба хаагч хүнд, хөнгөн шархадсан харамсалтай осол гарсан юм байх. Мунхаг миний ойлгосноор шүү.

Бие бүрэлдэхүүн гар гранатын үүрэг зориулалт, тактик техникийн өгөгдөхүүний талаар холбогдох хичээлийг зохион байгуулж, байлдааны гранаттай сургуулилтын бэлтгэлийг хангасан юм байна. Хамаг хичээл номыг нь заагаад цэргүүд бүгдийг нь ягштал ойлгосон. Харин гранат л “өөрөө” тэсэрчихсэн. Тиймээс одоо гранат яагаад тэсэрсэн, тэсэрэхэдээ яагаад заавал хүний амийг хөнөөсөн болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм байх.

Буруутан нөхөр гранат өөрөө тэсэрсэн тул Батлан хамгаалахын сайдыг огцоруулах тухай нэг ч хэл ам гарахгүй өнгөрөх сурагтай. Амь эрсэдсэн цэрэг эрс БХИС-д Зэвсгийн албаны офицер мэргэжлээр бэлтгэгдсэн, Афганистан, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн, нөгөө нь мэргэн буудагчаар бэлтгэгдэж 2012 оноос хойш 350 дугаар ангид ажиллаж, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн зэвсэгт хүчний шилдэг алба хаагч байж.

Шархадсан найман албан хаагч эд эрхтэний болон дотор эрхтэний ямар нэгэн ноцтой гэмтэл байхгүй гэж танилцуулав. Бүгд зүгээр өнгөрч овоо доо гэтэл залгуулаад хоёрт нь яаралтай хагалгаа хийж эрчимт эмчилгээнд орлоо гэх. Худалаа ч яриад байх шиг, үнэн ч яриад байх шиг юм болоод өнгөрч байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат амь үрэгдсэн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, тусламж, дэмжлэг үзүүлэх, ослын дүгнэлтийг яаралтай гарган дүгнэлтийг үндэслэн хариуцлага тооцох зэргээр шуурхай ажиллахыг үүрэг болгов.

Ерөнхийдөө ослын дүгнэлт удахгүй гарна гэдгийг танилцуулгаас ойлгов. Зарим нэг түүх улбаалан үзвэл ослын буруутан эсвэл гранат, гранатад өртсөн цэргүүд, өмнө нь засаг барьж байсан нөхдийн буруу болоод өнгөрөх байх. Монголд тогтсон жишиг ч иймэрхүү. Юун жудагтай, журамтай, гар нь цэвэрхэн Батлан хамгаалахын сайд огцрох. Харин дэлбэрсэн гранатын хэргийг улстөржүүлэхгүй өнгөрөөсэй хэмээн залбирая даа

Т.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ