ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана

УИХ өнгөрсөн шөнө (2017.02.13) Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг баталлаа. Ингэснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,035.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь, нийт зардал 8,750.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,714.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувь болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 59.7 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурлаа.УИХ-аас төсвийн тодотголыг баталснаар Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт”-т хамрагдах бололцоо бүрдэж байна. Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаан энэ сарын 15-нд товлогдсон байгаа.Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсад эхний ээлжинд 440 сая ам.доллар орж ирнэ. Үүнийг Монгол банкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглана.Мөн 5.5 тэрбум ам.долларын зээл авч ашиглах бололцоо нээгдэнэ. Энэхүү зээл нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон улс, БНСУ зэрэг хэд, хэдэн эх үүсвэрээс босно. Зээлийн хугацаа 30 жил байна.Зарцуулалтын тухайд, Азийн хөгжлийн банкнаас авах 900 сая ам.долларын зээлийг 3 жилийн хугацаатай авна. Үүний 600 сая ам.доллар нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд, үлдсэн 300 сая ам.доллар нь нийгмийн шинж чанартай бодлогуудыг хэрэгжүүлэхэд зарцуулна.Дэлхийн банк 600 сая ам долларын зээл олгоно. Үүний 440 сая ам.доллар нь төсвийн алдагдал. 160 орчим сая ам.долларыг тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна.Япон улсаас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар ярилцаж байна. Үүнийг 2017 , 2018 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна.БНСУ-аас 200 сая ам.доллар авахаар тохирсон байгаа үүн дээр нэмж 500 сая ам.долларын зээл авна. Төсвөөс хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэхэд энэ зээлийг зарцуулна. Зээлийн жилийн хүү нь 2 хувиас хэтрэхгүй, үүнийг 2018, 2019 онд авч ашиглах төлөвлөгөөтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ