Тавдугаар сарын сүүлчээр цочир хүйтэрч магадгүй гэв

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Цаг агаарын төлөв байдлын талаарх мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээлэл өглөө.
Дөрөвдүгээр сар:
Энэ сарын 17-нд зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун ба төвийн нутгаар,19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын өмнөд хэсгээр, 22, 26-нд төв, зүүн аймгуудын зарим нутгаар, 23, 24, 27-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орох төлөвтэй. Энэ үед салхи говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с, говийн нутгаар зарим үед 16 м/с хүрч шороон шуурга хүрч шороон болон цасан шуурга шуурах аж. Мөн хуурайшилт ихтэй байна гэв. Дөрөвдүгээр сарын 22-24-нд нутгийн зүүн хагаст, 18-19-нд ихэнх нутгаар сэрүүсэх аж. Бусад өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байх аж.
Тавдугаар сар:
Ирэх сард ихэнх нутгаар агаарын температур дундаж хэмжээнд байна. Баян-Өлгий, Увс, Архангай, Булган, Ховд, Баянхонгор, Төв, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ аймгийн нутгаар дунджаас ахиу хэмжээний хур тунадас орох аж. Харин Алтайн өвөр хэсгээр дунджаас бага хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлд онцгой нөлөөлдөг цаг уурын үзэгдэл, давтамжид ихээхэн өөрчлөлт орж, температурын огцом өсөлт, хур тунадасны бууралтаас хуурайшилт нэмэгдэж хөрсний чийгийн хангамж улам бүр багасжээ. Үүнтэй уялдан цаг агаарын таагүй үзэгдэл ажиглагдах болсон аж. Тиймээс тавдугаар сарын сүүлчээр цочир хүйтрэл болж магадгүй гэж Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээлэлдээ дурдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ