Цэргээ зодож, цасан дээр зогсоон тахир дутуу болгосон ахлагчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336-р ангид цэргийн алба хаахаар явсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, хуруугаа тайруулж эрэмдэг зэрэмдэг болсон мэдээлэл хэвлэлүүдээр гарсан.
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 17-ны шөнө болсон энэ хэргийг салбарын яам нь мэдээгүй байсан аж. Тухайн үед юу болсныг сийрүүлбэл Ж.Баярцогтыг шөнийн ээлжинд гарч байхдаа харуулын байранд гал түлж дулаацсаны төлөө харуулын ахлагч Г.Энхцолмон шийтгэсэн нь хөлийнхөө есөн хурууг тайруулахад хүргэжээ. Ийнхүү ахлагчдаа зүй бусаар шийтгүүлж, эмнэлгийн зохих тусламж авч чадалгүй цаг алдсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байхад үйлдвэрийн осол гэсэн акт тогтоон цэргийн албанаас нь чөлөөлжээ.
Дээрх мэдээлэл гарсантай холбогдуулан салбарын сайд Б.Бат-Эрдэнэ “Энэ ноцтой асуудлыг нуун дарагдуулсан байсан. Харин иргэний гомдол мэдээллийн дагуу ийм зүйл болсон гэдгийг олж мэдсэн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ