Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Исламын Бүгд найрамдах Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн цэргийн баг өчигдөр эх орондоо ирлээ. Энэ удаад дэд хурандаа Н.Ууганбаяр захирагчтай энхийг сахиулагчид АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн юм байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг “Шинэ Кабул” баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэйгээр ажилласан бөгөөд 2015 оны хоёрдугаар сараас анхны ээлж дээрх бүс нутагт үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм байна. Энэ удаагийн цэргийн багт Зэвсэгт хүчний 30 гаруй анги, байгууллагын алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.
Одоогийн байдлаар тус энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд Кабул, Мазар-И-Шариф хотууд дахь эвслийн цэргийн хүчний баазуудын аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй манай цэргийн алба хаагчид Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж, баттай байр сууриа эзлэн, ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадвар, сахилга батаараа энэхүү ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа бусад орны цэргийн алба хаагчдад хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал болсоор байгаа юм.
Афганистан Улсын нийслэл Кабул хотод байрлах эвслийн цэргийн хүчний баазын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай гүйцэтгэн, НАТО-гийн тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа дуусгавар болсноор Афганистан Улсын аюулгүй байдлын хүчин өөрийн орны аюулгүй байдлыг бүрэн хангах чадвартай эсэх нь тодорхойгүй болжээ.
Иймд Афганистан Улсын аюулгүй байдлыг хангах хүчний сургалтын бүх салбарт “сургах, зөвлөх, туслах” гэсэн зорилготойгоор 2015 оны нэгдүгээр 01-ний өдрөөс НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа эхэлсэн билээ.
Д.Оюун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ