Монголын төр хүүхдүүдээсээ уучлалт гуйх ёстой

Хүүхдийн мөнгө олгоно, олгохгүй хэмээн мэтгэсээр сүүлдээ өрхийн амьжиргааг тодорхойлж нэн ядуу, ядуу гэр бүлд мөнгө олгоно хэмээн төр шийдэв. Ингэхдээ олгох мөнгөө бодсон уу гэхээс хүүхдийн сэтгэл зүй, хүүхдэд, нийгэмд үзүүлэх нөлөөг улстөрчид анзаарсангүй.

Ардын намын алагчилсан мөнгө олголт хүүхдүүдийн дунд ямар хор нөлөө үзүүлэхийг, хүүхдийн эрхээр улстөр хийсэн тэдний балаг нийгэмд хэрхэн сүүдрээ тусгаж байгааг олж харах ухаан байсангүй. Хүүхэд гэдэг ертөнц ариухан байх ёстой.

Бага насны хоёр хүүхэд ярьж байна.

-Чи хүүхдийн мөнгө авдаг уу?

-Авдаг. Өө, тэгвэл танайх ядуу юм байна. Хүүхдийн мөнгийг ядуу айлын хүүхдэд л өгдөг гэсэн. Хоёр хүү нийлж байгаад ангийнхаа хүүхдүүдийг шоглосон байна. Учир нь тэд нар нь хүүхдийн мөнгө авдаггүй баян айлын хүүхдүүд байсан тул шийтгэж байгаа нь тэр аж. Хүүхдүүдийн дунд баян, ядуу гэх сэтгэхүйн ялгаварыг бий болгож, зарим хүүхдүүд хүүхдийн мөнгө авдаг ядуу айлын хүүхэд гэж хэлүүлэхээсээ ичиж байна.

Хүүхдийн мөнгө авдаг хэсэг нь хүүхдийн мөнгө авдаггүй үеийнхэнийгээ баян хэмээн гоочилж, шоглох болов. Хүүхдийг алагчилж үзэх муухай. Тэдний сэтгэлд, ирээдүйд дэндүү том толбыг энэ засаг үлдээж байна.

Аав, ээж нь цалингийн зээл, лизенгээр хөргөгч, угаалгын машин авсныхаа төлөө хүүхдийн мөнгөнөөс хасагдаж, хүүхэд нь үе тэнгийн найз нөхөддөө баян айлын хүүхэд хэмээн гадуурхагдах болов. Улстөрчидийн харалган шийдвэрийн балаг хүүхдүүдэд ялгаварлан гадуурхалт, үеийнхэндээ адлагдах сэдэлболон очиж байна.

Хүүхдүүдээ хүртэл баян ядуугаар нь ялгаврлаж, зааглаж, улс төр хийж байгаа Монголын төр хүүхдүүдээс уучлалт гуйх ёстой."Адууны алагаас аяганы алаг муухай " хэмээх зүйр үгийг Ардын намыханы сонорт хүргэе. Өнөөдрийн та нарын мунхаглалыг өвгөд ийнхүү шоглож хэлсэн байна.

Д.Гал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ