Ц.Нямдорж: Та нар миний талхаа олж идсэн газрыг ингэж онгичихгүй шүү

УИХ-ын үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлд дурдсанаар Прокурорын байгууллагын тухай хуулийг 1993 онд баталж, одоог хүртэл мөрдөж байжээ. Энэ хугацаанд найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Мөн энэ хуулиар прокурорын үйл ажиллагаа болон тус байгууллагын бусад байгууллагатай хамтран ажиллах зэргийг тодорхой болгож байгаа аж. Түүнчлэн үүргээ биелээгүй бол прокурорт хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгажээ.
Тэгвэл дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэлээд хатуухан шүүмжлэл хэлсэн юм. Тэрээр "Энэ хэлэлцүүлж байгаа хуулийн төсөлд цоо шинэ зүйл юу байгаа юм бэ. Прокурорын байгууллагад би 10 орчим жил ажилласан. Миний ажилласан унаган байгууллага. Би хоёр ч хуулийг нь батлуулж байсан шүү. Би шулуухан хэлье. Та нарын өнөөгийн байдал надад үнэхээр таалагдахгүй байна. Юу хийгээд байгаа юм. Прокурор бол хяналт тавьдаг байгууллага. Та нар миний талхаа олж идсэн газрыг ингэж онгичихгүй шүү. Та нарт яллахаас гадна хүний эрхийг хамгаалах хамгийн хүчтэй эрхийг 2002 онд хуулиар өгсөн юм" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ