Боловсролын зээл хэрхэн авах талаар мэдээлэл өгнө

"Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг энэ сарын 21-24-нд "Мишээл экспо" төвд болно. Үзэсгэлэн яармагийн нээлт өнөөдөр 14.00 цагт болох бөгөөд нээлтэд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, “Боловсролын зээлийн сан”-гийн захирал П.Лхагвасүрэн, их, дээд сургуулийн удирдлагууд оролцоно.

БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Мишээл экспо” компани хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд Нийслэлийн боловсролын газар, "Боловсролын үнэлгээний төв", Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ, "Боловсролын зээлийн сан", арилжааны банкууд зэрэг 90 гаруй байгууллага оролцох юм.

Үзэсгэлэн яармагийн үеэр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын чиг баримжаа олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн ЭЕШ-т хамрагдах талаар мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өгөх юм байна.

Түүнчлэн "Боловсролын зээлийн сан"-гийнхан, арилжааны банкуудын төлөөлөл“Мишээл экспо”-д ажиллаж тус зээлд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өгч, шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь зээл олгох, гадаадын 50-100 хувийн тэтгэлэгтэй их, дээд сургуулиудын талаарх нэгдсэн мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ