Татвар нэмэгдээгүй байхад машины үнэ хаданд гарч байна

Ирэх сарын 1-нээс эхлэн суудлын автомашины Онцгой албан татвар нэмэгдэнэ. Энэ нь эдийн засгаа эрүүлжүүлж сэргээх сайн талтай байж болох ч урин дулаан цаг ирэхтэй зэрэгцээд иргэдийн авто машин худалдан авах хэрэгцээ нэмэгддэг энэ үеэр ийнхүү татвар нэмж байгаа нь иргэдээ бодоогүй шийдвэр гэж эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байна. Учир нь ирэх сард татвар нэмэгдэхээс өмнө машин авах гэсэн иргэд борооны дараах мөөг шиг олширсон. Гэтэл машины ченжүүд татвар нэмэгдэх сургаар аль хэдийн үнээ өсгөж, аманд багтсан үнээ хэлж байна гэх гомдол сүүлийн үед иргэдийн дунд багагүй гарч байгаа.
Тиймээс бид иргэдийн хамгийн их хэрэглэдэг "Приус" маркийн автомашины үнэ хэр зэрэг нэмэгдсэнийг сонирхохоор "орж ирсэн Приус 10, 11, 20, 30" маркийн машинууд хямд зарна гэх зарын эзэдтэй холбогдсон юм.
Мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркын машинууд 2004 оны S touring 9 сая 600 мянга, 2007оны бүтэн жи 10,8 сая 2008 оны хагас жи 10,4 сая, Сувдан цагаан өнгийн приус 20 маркын машинууд 2004 оны бүтэн жи 11.3 сая, 2008 оны бүтэн жи 11.5 сая, 2005 оны S touring 10.8 сая , хар өнгийн 2006 оны S touring 11.5 сая, 2009 оны энгийн 11.5 сая, 2008 оны хагас жи 11.3 сая, 2006 оны энгийн 11.3 сая гэх мэт үнийг хэлж байсан юм.
Яг адилхан он, өнгө, үзүүлэлттэй машинууд ийнхүү өөр өөр үнэтэй байгаа нь татвар нэмэгдэх сургаар ченжүүд аманд орсон үнээ хэлж байгаагийн тод жишээ юм.
Жаахан доошоо буулгаад өгч болох уу гэхээр, "Одоо машины үнэ өснө үү гэхээс буухгүй, одоо авбал ав авахгүй бол үнэ нь нэмэгдэхээр ав" гээд утсаа салгаж байсан юм.
Харин машин сонирхсон иргэд цагаан сарын өмнө машин хайж байхад, машины үнэ боломжийн байсан. Гэтэл одоо татвар нэмэгдэх сургаар доод тал нь 500 мянган төгрөг дээд тал нь 1.5 сая төгрөгөөр нэмэгдсэн байна хэмээн халаглаж байлаа.
Уг нь бол ирэх сарын 1-нээс приус маркийн машины 0-3 жил нь 25 мянган төгрөг, 4-6 жил нь 150 мянган төгрөг, 7-9 жил нь 450 мянган төгрөг, 10 дээш жил 1.3 сая төгрөгөөр нэмэгдэнэ.
Өөрөөр хэлбэл иргэдийн хамгийн ихээр сонирхож байгаа 2008, 2009 оны приус 20 маркийн машинуудын онцгой албан татвар ирэх сарын 1-нээс 450 мянган төгрөгөөр нэмэгдэх юм. Гэтэл ченжүүд нэмэгдэхээс нь өмнө авах гэсэн иргэдийн эрэлт дээр тоглолт хийж машинуудынхаа үнийг 500 мянгаас 1 сая төгрөгөөр нэмжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ