Урлаг соёлынхны орлогыг тодорхойлж, татвар оногдуулна

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулаллын системийн эрх зүйн зохицуулалттай болсон. Энэхүү урамшуулал нь бараа, ажил үйлчилгээ худалдан авсан иргэд сугалааны тохиролд оролцох болон нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах гэсэн хэлбэрээр хэрэгжиж байгаа билээ.

Хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд, Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь Нийслэлийн нутаг дэвсгэрт урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх, орлогыг тодорхойлох, татвар ноогдуулах, татварт бүрэн хамруулах, холбогдох мэдээ, судалгааг гарган тогтмол харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтарч ажиллах бөгөөд ирэх 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн урлагийн тоглолт үзсэн иргэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох ажлыг зохион байгуулна хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ