“Миний Монгол бичиг” улсын уралдааны шагнал гардууллаа
Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд “Монгол бичгийн нийгэмлэг” хамтран зохион байгуулсан Монгол туургатны "Миний Монгол бичиг" улсын уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн уралдаанд нийт 500 оюутан сурагч, 200 гаруй насанд хүрэгсэд оролцсоноос 26 шилдэг оролцогчийг тодруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.
Мянга гаруй жилийн түүхтэй үндэсний монгол бичгийг сурах, сургах, түгээн дэлгэрүүлэх, сурч эзэмших явдлыг хөхүүлэн дэмжих, монгол бичгийг сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны долдугаар сард гаргасан "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай" зарлигийн хэрэгжилт, 2015 онд УИХ-аар баталсан “Монгол хэлний тухай хууль”-ийн гуравдугаар бүлгийн 7.2-т заасан 2025 оноос хос бичгээр төрийн албыг хөтлөх ажлыг эрчимжүүлэх, “Үндэсний шашин соёлын эх сурвалж”-тай танилцах зорилгоор энэхүү уралдааныг нийт монгол туургатны дунд зохион явуулж буй юм.
Уралдааны бүтээлийн төрөлд Ш.Гэрэлсайхан тэргүүн байр эзэлсэн бол Монгол Улсын ардын уран зохиолч СГЗ Т.Галсангийн “Монгол соёлын алтан ганжир” хэмээх Монгол бичгээ магтан дуулсан дөрвөн мөрт шүлгээр оролцож тэргүүн байр эзэлжээ. Мөн Завхан аймгийн Асгат сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Д.Золзаяа шилдгийн шилдгээр шалгарч “Итгэлт хамба - Байгаль далай”-аар аялах эрхийн бичгээр шагнууллаа. Мөн насанд хүрэгчдийн ангилалд Д.Батнасан, мэргэжлийн багш нарын ангилалд Г.Оюунгэрэл, 7-9 дүгээр ангийн сурагчдын ангилалд Г.Анударь, 10-12 дугаар ангийн сурагчдын ангилалд Д.Дөлгөөн нар тус тус нэгдүгээр байр эзэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ