Учир, бантан нь олдохгүй эмх цэгцгүй Засгийн газар

Улс орны амьдрал барайгаад ч байгаа юм шиг, бадраад ч байгаа юм шиг. Улстөрчид нь улам сайжраад ч байгаа юм шиг, уруудаад гудамжинд гараад ч байгаа юм шиг. Засаглалын хэлбэр нь засараад ч байгаа юм шиг, замараад ч байгаа юм шиг.
Офширчидоо шийтгэх гээд ч байгаа юм шиг, сайшаах гээд ч байгаа юм шиг. Ордондоо багтаад ч байгаа юм шиг багталзахгүй нэгнийгээ хөөгөөд ч байгаа юм шиг. Эрдэнэт үйлдвэрээ хувьчлаад ч байгаа юм шиг, хулгайлаад ч байгаа юм шиг. Хүн амын наслалт нь дэлхийн жишигт хүрээд тэтгэвэр тогтоогоод ч байгаа юм шиг, нас баралт нь залуужаад дэлхийн жишгээс хасагдаад ч байх шиг.
Төртэй улс ч юм шиг, ОУВС-ийн мэдлийн улс ч юм шиг. Ерөнхий сайдтай ч юм шиг, Ерөнхий сайд нь аймгийн дарга ч юм шиг. Төрийн нарийн бичгийн дарга нар нь уяачидын холбооны гишүүд ч юм шиг төр төлөөлсөн эрхмүүд ч юм шиг.
Учир, бантан нь олдохгүй эмх цэгцгүй Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөж чадах уу, үгүй юу гэсэн дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа нь нэгэнт ил болоод байна. Саяхан шөнө турш нууцаар шахуу хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд суусан нэр бүхий УИХ-ын гишүүд “Дургүй хүргээд байвал засаг огцоруулж тоглоно шүү” хэмээн мэдэгдсэн гэх. Зарим нэг нь Эрдэнэтээс бялуу хүртэх боломжгүй болсондоо шарлахсан ч гэх. Нэр бүхий гишүүд нууцаар зургаан концессийн гэрээ оруулж ирсэнд бухимдсан сурагтай. Уг нь МАН өөрийгөө 90 жилийн түүхтэй гэдэг. Гэхдээ түүх нь арвин ч төр барьж буй эрхмүүд нь нялх болохоор алдаа нь ихдээд байна.
Тулхтай гишүүд нь цөөрөөд тугал ч хариулж үзээгүй нялхас нь ихдээд МАН бусад жижиг намаас түүх нь жаахан өндөр болохоос ялгарах өнгөөр улам л багасаад байна. Тус намд АН-ын адил засаг унагаж тоглох “шидтэн”-гүүд нэмэгдчихвэл дөрвөн жилийн дараа Тусгаар тогтнолын ордон нь ший янгууны ордон болж хувирах цаг ч ойрхон байна.
Эзэнгүй төрийн эмгэнэл нүүрлэх цөвүүн цагийг энэ төрийн түүхийг эхлүүлсэн МАН бүү авчираасай хэмээн залбирах л үлдэж байна. Төр эзэнгүй, төр түшигсэд журамгүй, түмэн олон авралгүй, хулгайч шинжийн төртэй улсад хууль хэрэгжинэ гэж итгэхэд бэрх.
Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд нэр дэвшихээр горилж байгаа. Түүний хувьд газрын наймаа, хурдан хүлгийн буяныг буруу эдэлж, хууль зөрчин хаврын морин уралдаан зохион байгуулдагаараа алдартай. Иргэдээс авсан саналаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг манлайлж яваа судалгааны дүн гарсан гээд л хөөрөөд байгаа. Түүнтэй өрсөлдөх олон өрсөлдөгч дунд Н.Энхбаяр эрхэм ч байгаа гэх. Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр гэдэг шиг Н.Энхбаярыг Ерөнхийлөгч болгочихвол МАН-д ч даруулга хэрэгтэй, улс оронд ч зангарга хэрэгтэй. МАН-ын ганц аврал нь Н.Энхбаярыг Ерөнхийлөгч болгож, өөрсдийгөө түүний эсрэг зангидаж чадвал нам дотроо нэгдэж ч чадна. Дараагийн удаад ялалтын салхийг өөрсдрүүгээ эргүүлж ч чадна. Тэгэх ухаантан харин энэ намд байгаа гэдэг л эргэлзээтэй.
Б.Хүсэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ