29 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагч С.Батболдын захирамжаар тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Үүнтэй холбогдуулан Боловсролын сайдын тушаалаар тус сургууль дээр үүсээд байсан нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийн үндэслэн, Засаг дарга дээрх шийдвэрийг гаргасан байна.
Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаад 29 дүгээр захирлыг ажлын хариуцлага алдсан гэж үзээд өнөөдрөөс эхлээд ажлаас нь чөлөөлж байна. Засаг даргын захирамжаар сургуулийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэх хүнийг томилсон. Мөн сургалтын чанар, сурагчдад үзүүлдэг дарамт шахалт, багш нарын зүй бус үйлдэлтэй холбоотой мэдээллийг шалгах ажлын хэсгийг Засаг даргын шийдвэрээр байгуулсан. Нийслэлийн хэмжээнд тусгай сургалттай зургаан сургууль байдаг. Тиймээс бусад сургуульд ийм зөрчил байж болзошгүй учраас мөн Ажлын хэсгийн шалгалт оруулж байна” гэлээ. Б.Батсайханыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа аж. Харин сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг байсан эсэх, эрүүгийн шинжтэй зүйлүүдийг Хууль зүйн сайд, Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсээс ажлын хэсэг гарган шалгаж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ