С.Зоригийн хэргийн яллагдагчдыг чанга дэглэмтэй хорих руу ачжээ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад буй Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт хоёр шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэр гаргасан. Яллагдагч нарын зүгээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, өнгөрөгч долоо хоногт буюу 4-р сарын 18-ны өдөр Дээд шатны шүүхэд хүсэлт гаргаад байгаа юм.

Тэгвэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас давж заалдах шатны шүүхээс гаргасан ялын тогтоолыг биелүүлж, яллагдагч нарыг шилжүүлсэн байна. Тодруулбал, өчигдөр буюу 4-р сарын 25-ны орой Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Төв аймаг дахь дамжин өнгөрөх хорих ангиас шилжүүлж, чанга дэглэмтэй хорих анги руу ачжээ.

Хуулийн байгууллагын эх сурвалжийн хэлж буйгаар “Давж заалдах шатнаас гаргасан ялын тогтоолыг биелүүлж, яллагдагч нарыг чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн нь хууль ёсны дагуу зүйл. Учир нь Дээд шүүхийн хурал нь хэргийг хянан хэлэлцэх хурал. Энэ хуралд яллагдагч нар байлцах шаардлагагүй байдаг учир ялын тогтоолыг биелүүлж болно. Харин яллагдагч нар болон түүний ар гэрийнхний зүгээс Дээд шүүхийн хуралд биеэр оролцох хүсэлт гаргавал хуралд оролцож боломжтой байдаг” гэх тайлбарыг өглөө.

Энэ талаар яллагдагч Т.Чимгээгийн дүү Т.Өнөрөө “Хорих ангийг шилжүүлэх гэж байгаа тухай бид нарт нэг ч үг хэлээгүй. Өмгөөлөгч нь хүртэл бидэнд мэдэгдээгүй. Сая л нөхрөөс нь энэ талаар сонслоо. Үнэхээр их хямарч байна. Бид нар давж заалдах шатны шүүх хурлын тогтоолыг эсэргүүцэж Дээд шүүхэд хандсан байгаа. Гэвч Дээд шүүхийн хурал товлогдоо ч үгүй байхад ялын тогтоолыг биелүүлээд, цаашаа аччихаж байгааг бодоход дээд шүүхийн шийдвэр яг л ижилхэн гарах юм байна гэж найдвар тасарч байна” гэлээ.

Түүнчлэн яллагдагч нарын ар гэрийнхний зүгээс, шүүх хуралд Б. Булганыг гэрчээр байлцуулах хүсэлт гаргахаар төлөвлөөд байгаа аж. Мөн хохирогчийн ар гэр буюу С.Зоригийн дүү С.Оюун “Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргана” гэж мэдэгдээд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ